Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Б.Мөнхтуяа: Ээж хадны домгийг уншаад “Би л энэ сэдвээр кино хийх ёстой юм байна” гэж бодсон

Огноо:

,

Сэтгүүлч:

"Цөөвөр" хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд буюу энэ пүрэв гарагт “Ээж хадны домог” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт ойнлайн хэлбэрээр болно. Уг бүтээлийг “Чононгоо фильм” продакшны хамт олон үзэгчдэд хүргэх гэж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, зохиолыг тус продакшны продюсер, Базарваанийн Мөнхтуяа бичсэн байна. Ийнхүү дээрх киноны зохиолчтой ярилцлаа.

-Шинэ хүн өлгийдөж авах гэж буйгаас ялгаагүй таны хувьд киногоо театрт, онлайнаар нээх хоёрын ялгааг хэрхэн төсөөлж байна вэ?

-“Чононгоо фильм” продакшны бүтээлч хамт олныхоо нэрийн өмнөөс уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн кино маань манай хамт олны хоёр дахь уран бүтээл юм. Эхнийх нь “Ээж” нэртэйгээр гарсныг ярилцагч та мэдэж байгаа биз ээ. Онлайнаар нээлт хийх арга барил дэлхий дахинаа хэдийнээ нэвтэрсэн. Ялангуяа хамгийн их зах зээлтэй АНУ, БНХАУ-д аль хэдийнээ дэлгэрсэн байдаг юм билээ. Харин бид Монголдоо анх удаа хийх гэж байна. Нээлтийн үйл ажиллагаа цахим сүлжээнд хоёр үндсэн үйл ажиллагаанаас бүрдэж буй. Тодруулбал, шинэ арга барилаар нээгдэх гэж байгаа учир үүнийгээ хүмүүст илүү таниулах үүднээс онлайн билет захиалсан үзэгчдээсээ азтан тодруулаад эхэлсэн. Эхний хоёр азтан энэ сарын 3-нд тодорч, саяхан нээлтээ хийсэн “Galaxy S20 FE” гар утас, сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр, хоёр дахь удаагийн хоёр азтан өчигдөр орой мөн адил бэлгээ гардлаа. Харин гурав дахь нь энэ сарын 11-ны 21:00 цагаас тодорно. Тэр хүн “Toyoto aqua” автомашины түлхүүр гардах юм.

-Дууны хөшөө босгох талаар яригдаж байсан. Хэзээ, хаана сүндэрлэх вэ?

-Энэ бидний маркетингийн хоёр дахь үйл ажиллагаа юм. Нээлтийн үйл ажиллагаа битүүнд болох ч шинийн 1-нээс 8-ны хооронд мөн л гар утасны тохиргоогоор киногоо үзүүлсээр байна. Сар шинийн билэгдэлт энэ өдрүүдэд үзэгчдийнхээ худалдаж авсан тасалбарын орлогоор Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Ээж хад хэмээх хүндэт хайрханы дэргэд киноныхоо дууны хөшөөг босгоно. Аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичиж, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсныг уншигчид маань хэдийнээ мэдсэн байх. Хөшөөний үнэ ч нэлээн их өртөгтэйгөөр хийгдэхээр зураг төсөл нь гүйцэтгэгдэж, захиалгаа өгсөн байгаа. Харин хөшөө босгох хугацаагаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Март-8”-нд зохион байгуулахаар тухайн аймаг, сумын удирдлагуудаас зөвшөөрөл авсан байгаа. Иймд шинийн 1-нээс 8-ны хооронд манай киног үзсэн үзэгчид гар утас, сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр, автомашин хожиж чадсангүй гэж бодох зүйлгүй. Харин ч мөнхийн бүтээл болж үлдэх хөшөөний төсөвт билет захиалсан 8888 төгрөгөөрөө өргөл өргөж байна хэмээн дотроо сүсэглэх учиртай. Лам залж, аравнайлуулах учир зүгээр ч нэг хөшөө биш суварга болох юм. Дорноговь аймагт орших Хан Баянзүрх хайрхан буюу хүслийн Хар уул руу очсон хүн бүхэн “Үлэмжийн чанар” дууг дуулдаг шиг Ээж хаданд очиж мөргөсөн хүмүүс манай киноны дууг дуулдаг болох байх гэсэн чин үнэмшилтэй байгаа. Дууг маань ч хүмүүс их сайхан хүлээн авч, эхнээсээ сурч эхлээд байгаа юм билээ. Бид кино бүтээж мөнгө олох гэж биш эдгээр бүтээлээрээ дамжуулж, бусдад эх дэлхийгээ хайрлах үзлийг түгээхийг эрмэлзэж байгаа юм.

-Гар утсаар үзүүлэхийг үзэгчид хэрхэн хүлээн авч байгаа бол ...

-Одоо юм хөгжсөн болохоор wifi ордог телевизтэй айлууд түүгээрээ үзэж болно. Эсвэл яг өөртөө төвлөрч үзэхийг хүссэн хүмүүс гар утсаараа үзэхэд илүү тохиромжтой тул бид энэ төрлийг сонгосон юм. “Вимео” нь бүрэн хэмжээний уран сайхны, баримтат, богино хэмжээний видео бүтээл болон дууны клип, реклам сурталчилгааны зориулалтын бичлэгийг хадгалж давхар live, stream хийж болохуйц өргөн хэрэглээний сайт юм. Энэхүү сайт нь тухайн хэрэглэгчдэд бичлэгээ ил тавих эсвэл нууц байлгах боломжийг санал болгодог бөгөөд мэргэжлийн кино уран бүтээлчид энэхүү сайтыг ашиглан кино наадмууд руу зориулалтын линк болон код ашиглан шүүгчдийн бүрэлдэхүүн рүү илгээдэг. Өнгөрсөн оны статистик судалгаагаар тус сайтын хэрэглэгчдийн тоо 200 сая гаруйд хүрсэн байдаг юм билээ. Мөн ямар ч гацалтгүйгээр үзэгчдэд хүрдгээрээ онцлогтой.

-Тасалбарын үнэ 8888 төгрөг юм билээ. Энэ тооны билэгдлийг юу гэж онцлох вэ?

-Азичууд 8-ийн тоог өсөн дэвжихийн билэгдэл гэж үздэг. Ялангуяа бизнес эрхэлдэг хүмүүс. Тиймээс энэ билэгдлийг илүүд үзсэн.  

-Зохиогчтой нь уулзаж байгаагийнх нэг асуултад тодруулга авъя. Дээрх хайрханы тухай домог олон байдаг. Та яг алийг нь сонгосноо хэлж болох уу?

-2012 оны сүүлчээр ээж маань тэнгэр болсон юм. Аавыгаа алдахдаа миний сэтгэл арай зөөлөн өвдсөн. Учир нь тэр үед ээж маань дэргэд байсан учраас. Уг нь би аавын амины охин гэж хэлэгддэг байсан мөртлөө шүү. Харин ээжийгээ алдахдаа дэндүү их эзгүйрсэн. Гэвч 2013 онд охин маань хүүтэй болж сэтгэл минь тайвширсан. Ирж, буцдаг тавилан энэ аж. Тэгээд би өөртөө “Уран бүтээл рүүгээ орохгүй бол болохгүй нь” гэж хэлээд 2016 онд “Чононгоо фильм” продакшнаа байгуулсан. Тийнхүү анхны киногоо “Ээж” гэж нэрлэсэн.  

-“Ээж хадны домог” киноны зохиолын хувьд ...

-Би бусдын л адил энэ хайрханд очиж залбирдаг. Тэгж явах үед олон домог сонссон, уншсан. Жишээ нь “Хөгшин ноён залуухан сайхан эмэгтэйд дурлаж хатнаа болгох гэсэн боловч тэр бүсгүй нь сэтгэлтэй хүнтэй байсан тул орон нутгаасаа дайжиж, өдгөө тогтож мөнхөрсөн газар ирж. Гэтэл нөгөө ноён түшмэлүүдээ явуулж, “Ирэхгүй гэвэл толгойг нь ч хамаагүй аваад ирээрэй” гэсэн тул толгойгүй болж тогтсон гэнэ билээ. Харин хожим толгойг нь суурилуулсан” гэх. Мөн “Долоон ямаатай эмгэн тэр газар олон жил амьдарч байгаад сүүлд хүн хэлбэртэй чулуу болж тогтсон гэнэ” гээд л. Гэхдээ эдгээр домгийн аль нь ч миний сэтгэлийг хөдөлгөөгүй. Харин ээжийгээ алдсанаас хойш Ээж хаданд очиж мөргөхөд яг л ээжтэйгээ уулзсан мэт сэтгэгдэл төрсөн. Тэр агшныг мэдсэн юм шиг фэйсбүүкээр “Ээж хадны үнэн зөв домгийг мэддэг хүн байна уу” гэсэн давлагаа явсан юм. Тэгэхэд нэг хүн “Өнчирч үлдсэн таван хүүхдийг өөрийнхөө нэг хүүтэй хамт өсгөж хүмүүжүүлсэн ч дайн тулаанд өргөж авсан таван хүүгээ алдаж. Ингээд төрсөн хүүгээ ч дайнд мордуулсан ээж Хэнтийн нуруунаас Төв аймгийн Сэргэлэн сум хүртэл сунаж мөргөхдөө “Хүүг минь л эсэн мэнд ирүүлээч” гэж гуйж. Ингээд төгсгөл болсон газраа чулуу болж тогтжээ” гэсэн байв. Тэр бол надад маш их таалагдсан. Би Хэнтий аймгийн Мөрөн сумын гаралтай л даа. Ээж маань найман хүүхэд төрүүлсэн. Гэхдээ жил бүр аймгаасаа цэрэгт мордож байгаа хөвгүүдийг үдэж өгөх гээд өргөх сүүгээ бэлдчихээд шөнө унтахгүй хүлээгээд суудаг байсан. Харин манай сумын хөвгүүд цэрэгт явахдаа “Өлзийхутаг гуай би цэрэг явах гэж байна” гэж заавал ирж хэлж, үнсүүлээд морддог. Татагдаж ирэхээрээ дахиад л бууж, үнэсүүлж золгодог заншилтай болчихсон. Тэр үед ээж маань бүгдэд нь хоол, цай хийж өгч дайлж цайлаад мордуулдаг байлаа. Яг л “Өндөр ээж” кино шиг. Би ийм л сайхан сэтгэлтэй хүний үр. Тийм болохоор би энэ киног хийх ёстой юм байна гэж шийдсэн. Мөн ээжийн минь амьдралтай ижил домог уншигдсан болохоор эргэлт буцалтгүй орсон доо.

-Гэхдээ “Сайны хажуугаар саар” гэгчээр Д.Мягмартогтох гэдэг сэтгүүлч залуу танай киноны маркетингийг буруугаар мушгин гуйвуулсан байна билээ. Тантай албан ёсоор уулзсан уу?

-Үгүй. Гэхдээ би тэр залууд албан ёсоор гомдол гаргана. Эхлээд хэл амгүйгээр киноныхоо нээлтийн үйл ажиллагааг дуусгая гэж бодож байна. Манай киноны 70 орчим хувьд хүүхэд тоглосон. Эдгээр жаахан хүүхэд тэр сайхан хайрханы тухай домгийг дэлгэцэд мөнхлөх гэж хичээж байхад. Нээлтийн арга хэмжээгээ сэтгэл догдлон хүлээж суухад тэр залуу хүний ярилцлага, маркетингийн ажлыг өөрийнхөө хүслээр өөрчилж, фотошоп хийж, нийгмийн сүлжээнд харлуулж, дэлгэсэнд үнэхээр гомдолтой байна.

-Бизнес хийдэг нэг нөхөр Ээж хаданд гэр барьж, мөргөх гээд ирсэн хүмүүсийг таксаар оруулдаг байсан гэсэн яриа байдаг. Энэ талаар та сонссон уу?

-Сонссон. Улаанбаатар, Бээжин хоёрын хооронд хувиараа бизнес эрхэлдэг байсан залуу гэдэг. Тэр “Вагонд гахай үүрч зовж байхаар Ээж хаданд гэр бариад мөргөж, залбирах гээд ирсэн иргэдээс тодорхой хэмжээний такс аваад байвал харьцангуй биед амар юм биш үү” гэж сэтгээд ном журмынх нь дагуу албан бичиг бүрдүүлж, гэр барьсан юм билээ. Эхний хугацаанд ашиг олж гайгүй ажиллаж байтал хоёр хүүхэд нь нэг өдөр юу ч харахгүй болсон гэсэн. Тэгэхээр нь эхлээд гадаад, дотоодын эмнэлгээр явсан ч тусыг эс олсон тул ламд үзүүлтэл “Хүү минь ээ, чи лусын нүдийг боосон байна шүү дээ. Тэр лусын нүдний боолтыг аваарай” гэж. Ингээд тэр залуу нөгөө гэрээ хуу татаж аваад удаагүй байтал хоёр хүүхдийнх нь нүд зүгээр болсон гэсэн. Тэр мөчид “Энэ хайрхан миний хоолоо олж идэх арга биш байна” гэж хэлээд явсан гэдэг. Энэ бол үнэн бодит зүйл. Тэгэхээр зүгээр ч нэг чулуу биш байгаа биз.

-Ярианыхаа сэдвийг өөрчилчхөд таныг уншигчид маань “Чухам ямар мэргэжилтэй бол” гэж бодож магадгүй ...

-Найруулагч мэргэжилтэй л дээ. 2007 оноос хойш л өөрийн гэсэн продакшн байгуулах хүсэл тээсэн. Тэр жил би “Үхэж үл болно” киноны анхны группт туслах найруулагчаар ажилласан. Тэгэхдээ олон зүйл сурсан, их хүсэл тэмүүлэх авсан. Тухайн үед миний зохиолоор дөрвөн кино хийгдчихсэн байлаа.  

-Тодруулбал, ямар ямар кино вэ?

-“Буцааж нэхэхгүй хайр”, “Нулимсанд дэвтсэн хайр”, “Дутуу эдэлсэн жаргал”, “Тэнгэрт харвасан од”. Мөн Архангай аймгийн театртай хамтарч “Битгий яваач” нэртэй жүжгийг УДЭТ-ийн найруулагч Ч.Түвшинтэй хамтарч тавьсан.

-Таны дараагийн томоохон төсөл юу байгаа вэ?

-Чингис хааны хатдуудаар цуврал кино хийе гэсэн төсөл эхлүүлээд байна. Их хааны тухай кино байгаа ч хатадынх нь тухай хийвэл илүү сонирхолтой юмуу гэж бодсон. Ингээд хатдыг нь судлав. Чононгоо бол нүүдэлчин Алтайн домогт бичигдсэн байдаг. Чоно өсгөсөн гэдэг. Энэ домог Японд ч байдгийг мэдээд бусад улсад ч байх магадлалтай юм байна гэж бодсон. Дараа нь Алунгоо, Өэлүн, Бөртэ нарын зэргээр эхлүүлж дөрвөн охин, дөрвөн бэр гээд хөврөхөөр 17 бүлэг болж байгаа юм. Энэ төслөө би олон улсынх болгох зорилготой байгаа. Жишээ нь Хулан хатны дүрд БНСУ-ын супер эмэгтэй жүжигчинг тоглуулаад Монгол жүжигчидтэйгээ хамтарвал зах зээл нь ч илүү юмуу. Мөн Монголын түүхийг дэлхий илүү мэддэг болно. Бусад хатдыгаа ч ялгаагүй. Одоогоор нэг бүлэг нь яригдаад эхэлчихсэн байгаа. Судалгаа шинжилгээний ажилдаа орсон. 2023 онд Монгол, Англи Улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Энэ цаг үеийг ашиглаж, аль нэг хатны дүрээ Англичуудад санал болохоор ярьж байгаа.

-Мөн таны ажлын өрөөнд “Хор” нэртэй киноны зураг харагдсан. Энэ ямар учиртай вэ?

-Улс төрийн сэдэвтэй кино хийгдэнэ. Зураг авалт нь одоогоор 30 хувьтай яваа. Манай улсын нийгэмд болж байгаа бүх муу, муухай зүйл илчлэгдэнэ. Зураг авалтаа дуусгах хугацаа болчхоор байгаа хэдий ч цар тахал үнэндээ хөл тушиж байна. Гэхдээ үзэгчиддээ удахгүй хүргэнэ ээ. Манай улсын тэргүүн эгнээний жүжигчид сонгогдсон байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Огноо:

,

Ардчилсан нам Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн гэх асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр тайлбар авлаа. Тэрбээр "МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжилснийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. Найман жил Монгол Улсыг унтуулсан.

Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.

 
Нэгдүгээрт: АН ажил төрөлтэй болоод бэхжээд байна. Тиймээс АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй гэж ярьсан.
 
Хоёрдугаарт: АН-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч байгаа тохиолдолд шүүмжлэл байж болохгүй гэж яриад байгаа юм.
 
Гуравдугаарт: Хуульзүйн яам болоод хяналтын функц АН-д байна. Дарханы Засаг дарга Б.Азжаргалаас авхуулаад бүгд баахан тендерийн хулгай хийчихсэн.

Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.

Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Огноо:

,

Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.


Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно.  Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ. 
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.


Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг  2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө  ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.


-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.

 
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

Огноо:

,

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт  200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар  нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.

-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?

-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн  зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр  иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.   Үндсэндээ бол  татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь   бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ12 цаг 35 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ12 цаг 40 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ12 цаг 44 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ12 цаг 47 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр12 цаг 51 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ12 цаг 56 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ13 цагын өмнө

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ13 цаг 4 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр13 цаг 11 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр13 цаг 14 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох