Тод мэдээ
“Имарт”-ын дэд захирал Д. Машбат: “Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг. Тухайн улирлыг илтгэх өнгөтэй жимс идэх нь хамгийн сайн сонголт юм”

Хамгийн ашиг тустай жимсийг нэрлэж бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?
Ганцхан үгээр хэлэх боломжгүй ойлголт байна. Монголчуудын хувьд газар нутаг, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан маш цөөн төрлийн жимс, жимсгэнийг дотооддоо тариалж мөн гадны улс орнуудаас импортлон хэрэглэж ирсэн. Ерөнхийдөө алим, мандарин, усан үзэм, гадил гээд л жимсний тоо бараг дуусдаг. Гэтэл жимсний хэрэглээ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн олон мянган жилийн хоолны соёлыг илтгэдэг маш өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан тухайн бүс нутаг улирал бүр өөр өөр жимс ургаж боловсорсноор түүнийгээ дагаад хэрэглээ нь салшгүй холбоотой гэсэн үг юм. Бүх төрлийн жимсийг өдөр тутамдаа байнга хэрэглэж байх нь хүний биед чухал боловч тухайн улиралд боловсорч гүйцсэн жимсийг тухайн цаг үед нь шинээр нь хэрэглэж байх нь хамгийн их ашиг тустай. Жишээ нь зун, намар тарвас, амтат гуа зэрэг жимс боловсорч гүйцдэг ба хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн намар шар өнгийн жимс, зун улаан өнгийн жимс хэрэглэх нь сайн гэсэн сонирхолтой судалгаанууд хүртэл байдаг.
Сонирхолтой юм аа.
Гэхдээ бид энэ соёл, хэрэглээг нь мэдэхгүй гээд зүгээр сууж боломгүй санагддаг. Дэлхий хавтгайрч байна бид бүхэн соёл иргэншил тэр дундаа хэрэглээний соёлыг мэддэг байх нь маш чухал, бас эрүүл мэндэд ашиг тустай. Жил бүр бид “5 өнгө” буюу өнгө өнгийн жимсний талаар болон ач тусыг нь таниулахаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг. Ямар нэг үнэ төлбөргүй, нийгмийн хариуцлагын ажил гэж хараад хийгээд явдаг юм. Одоогоор 4140 хүүхэд, 80 цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаад байна. Эцэг эхчүүд болон багш нар их баяртай хүлээж авдаг. Хоолныхоо жимс, ногоог ялгаад хаячихдаг байсан хүүхэд сургалтанд сууснаар ач тусыг нь мэдээд идэх хүсэлтэй болдог.
Имартийн жимсний амт нэг л өөр, амттай гэдэг. Яаж ийм байлгаж чадаж байгаа вэ? Бизнесийн нууц биш бол …
Бид аль болох хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зөв мэдээлэл ойлголт өгөхийг хичээдэг. Жимс жимсгэнүүдээ хүлээн авахдаа хэд хэдэн үзүүлэлт шалгуурыг тавьдаг. Тэр бүх шалгуурт нийцсэн жимс хэрэглэгчдэд илүү таалагддана. Дэлгэрүүлбэл: жимсний гарал үүсэл, ургацын хугацаа, сорт, болц, хэмжээ, амт гэх мэт.
Амт гэж та хэллээ. Хүн бүрийн амтлах чадвар өөр гэж боддог.
Тэр үнэн. Тийм учраас жимсний амт, чихэрлэгийг хэмждэг брикс гэж багаж, технологийг бид ашигладаг. Олон улсын стандарт шалгуур л даа. Жишээ нь болц нь гүйцсэн алимны брикс нь 15-16 байхад үйлчлүүлэгчдэд хамгийн их таалагдана. Энэ бол стандарт хангасан алим гэх мэт бүх жимс өөрийн стандарттай. Бид яг түүнд нь тохирсон жимсийг авч худалдаална.
Өөр нэг чухал зүйл бол агуулах. Маш сайн жимсийг тээвэрлэж авч ирсний дараа зориулалтын агуулахгүй бол хадгалах явцдаа чанарыг нь муутгах магадлалтай. Бидний хувьд стандартын дагуу хадгалт хийгээд лангуун дээр гаргаж байгаа тул шинэхэнээрээ байж чаддаг. Бас хамтад нь хадгалж болдоггүй жимснүүд ч гэж байдаг.
Алим, усан үзэмийг тарвас, лийр, гадил, авокадо жимстэй, жүржийг усан үзэмтэй хадгалах юм бол чанар алдагддаг. Нэг нь амьсгалдаг жимс, нөгөө нь хурц амт үнэрийг өөртөө шингээх чанартай ч гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн нарийн технологийг хангаснаар амт чанартай жимс үйлчлүүлэгчдэд очдог. Үүн дээр нэмээд хэлэхэд жимсийг хэрхэн сонгож хэрэглэх нь бас чухал байдаг. Жишээ нь бага зэрэг ногоон өнгөтэй гадилыг хөргөгчинд хийлгүй гялгар уутанд хийгээд тасалгааны хэмд тавихад 1 хоногийн дотор шарлан идэхэд бэлэн амттай болдог. Авокадо жимсийг сонгохдоо хэд хоногийн дараа идэх бол хатуу ногоон өнгөтэйг, шууд идэх бол хүрэн бор өнгөтэй орой хэсгийг дарж үзэхэд бага зэрэг зөөлөрсөнг сонгодог. Та бидний байнга хэрэглэх дуртай мандарин нь Африк болон Испани улсын сортыг барьж үзэхэд хатуу илүү исгэлэн амт давамгайлсан байдаг бол Солонгос, Турк улсыг сорт нь барьж үзэхэд зөөлөн, хальслахад маш хялбар, чихэрлэг амт илүү давамгайлсан байдаг онцлогтой.
Хэрэглэгч бүхэн өөрийнхөө юу хүсч байгааг мэддэггүй гэдэгтээ та санал нийлэх үү
Яг үнэн. Би ярианыхаа эхэнд дурдсан, олон төрлийн жимсний хэрэглээг бий болгохын төлөө олон ажлууд зохион байгуулж байгаа гэж. Ингэхийн тулд зөвхөн харилцагчаас жимс аваад энэ ажлыг хийх боломжгүй үе бий. Энэ тохиолдолд бид өөрсдийн хүчээр судалгаа хийгээд импортлон оруулж ирж хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Жишээ нь Интоор. Энэ жимсийг Монголчууд компотноос л идэж байсан. Жимсээрээ зардаг хэдий ч маш үнэтэй худалдаалагддаг байсан. Үнийг нь 5 дахин буулгаж зах зээлд гаргаснаар үйлчлүүлэгчид маш ихээр авч хэрэглэж байсан нь саяхан. Бид коконат, манго жимсийг мөн ийм зарчмаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ санал болгосон. Имарт зөвхөн худалдаа үйлчилгээ борлуулалтандаа анхаарахаас гадна ард түмнийхэ хүнсний хэрэглээний боловсролд анхааран МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ гэсэн уриан дор маш олон ажлыг зохион байгуулсан бөгөөд цаашид ч олон аян хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС