Тод мэдээ
Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргав.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг.
Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тод мэдээ
Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 18 аймгийн 68 санал авах байрын байршилд 2025 оны зургаадугаар сарын 18-ны өдөр нэгэн зэрэг шалган туршлаа.
Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй болдог. Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавьсан юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт болно.
Тод мэдээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ.
Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2022/11/22
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
-
Тод мэдээ2019/12/24
Монголын шилдэг эмэгтэйчүүдийг шалгарууллаа
-
Тод мэдээ2025/01/27
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүллэ...
-
Тод мэдээ2025/04/16
2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагатай...