Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

УИХ-ын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын дэд хэсгийг байгуулан ажиллуулжээ.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах талаарх саналуудыг ажлын хэсгээс гаргажээ. Мөн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хороо дэмжжсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан "Шүүгчид нэмэгдзл олгох журам батлах тухай", "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулсныг хэлэлцэж дэмжжээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Т.Аубакир, Ж.Ганбаатар, П.Анужин, Ж.Ганбат, С.Амарсайхан, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Б.Энх-Амгалан, С.Ганбаатар, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт, мэдээлэл авсан юм. Асуулт асууж тодруулсан гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд мэтгэлцээний зарчмыг хэрэгжүүлэх, гишүүдийн санал бодлыг авч өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд Байнгын хороо, ажлын хэсэг сайн ажилласныг дурдаж байв.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, зарчимд нийцүүлж боловсруулсныг хэлэлцүүлгийн явцад Байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ярилцаж улам чамбайруулсан. Хуульд маш том өөрчлөлт орж байгаа. Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм. Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгохыг дэмжсэн. Тиймээс шүүгчдийн цалин одоогийнхоос буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч боломжийн хэмжээнд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн хариултыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт өгөв.

Мөн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэврийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтууд төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдээгүй. Тиймээс бие даасан институцийн хувьд шүүгчдийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага гарсан учраас төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувь хүртэлх нэмэгдэл, мөн онцгой нөхцөлийн хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан. Хуулийн төслөөр шүүгчдийн цалинг бууруулсан зүйл огт байхгүй. Шүүгчдийн цалин нь үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын нэмэгдэл зэргээс бүрдэж байгааг дурдав. Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт нар гишүүдийн зарим асуултад нэмэлт хариулт, тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 20 дугаар зүйлд “Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.” гэсэн агуулгатай 20.13 дахь хэсэг нэмэх, төслийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн  төслийн 24 дүгээр зүйлд “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.” гэсэн агуулгатай 24.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлд “улс төрийн намын бүртгэл хөтлөх;” гэсэн агуулгатай 25.8.8 дахь заалт нэмэхийг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “тухай саналыг Ерөнхийлөгчид, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай албан бичгийг Улсын Их Хуралд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ” гэснийг “саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж өөрчлөхөөр тогтов. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр  дэвшигчтэй Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана”, “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.” гэж өөрчлөн найруулж, 36.2, 36.3 дахь хэсэг болгохыг дэмжив.

Мөн хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” хэмээн өөрчлөн найруулж, 46.7 дахь хэсгийн “журам, шалгуур үзүүлэлтийг” гэснийг “шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг” гэж өөрчлөх, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтын “өв залгамжлагчид” гэснийг “гэр бүлд” гэж өөрчилж, мөн зүйлд “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн агуулгатай 48.9 дэх хэсэг нэмэх, 77 дугаар зүйлийн 77.10 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.

Төслийн 100 дугаар зүйлийн гарчгийн “гишүүнийг” гэсний дараа “чөлөөлөх,” гэж, мөн зүйлд Сахилгын хорооны дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; өөрөө хүсэлт гаргасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн агуулгатай 100.1 дэх хэсгийг нэмэхээр тогтов.

Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв. Үүгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжив. Иймээс төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Огноо:

,

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.

Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.

Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ16 цаг 11 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ16 цаг 15 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ16 цаг 19 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ16 цаг 22 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр16 цаг 26 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ16 цаг 31 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ16 цаг 35 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ16 цаг 39 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр16 цаг 46 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр16 цаг 50 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох