Тод мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон ХНХЯ-нд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв.
Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна. Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг тухай коллежийн захирал Г.Нямдулам танилцуулав. Засгийн газар мэргэжилтэй ажилчин бэлтгэх цогц бодлогын хүрээнд Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг үнэ төлбөргүй болгож, суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Ажлын байрны олдоц, тэтгэлэг зэрэгтэй холбоотойгоор залуусын суралцах сонирхол эрс нэмэгдсэн, их, дээд сургууль төгссөн хүн ч ирж байгааг захирал Г.Нямдулам хэлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа дадлагын байрны ажлын явц, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын цахимжуулалттай танилцав.
У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллах үеэрээ харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг кофе шоп, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”, хүүхдийн цэцэрлэг, 7777-1289 дуудлагын төвийн ажилтай танилцав. Хүүхдийн цэцэрлэгт тус яам болон ойролцоо байрлах нэр бүхий яам, төрийн байгууллагын ажилтнуудын 60 гаруй хүүхэд хүмүүждэг.
Дуудлагын төв нь иргэдэд нийгмийн даатгалтай холбоотой бүх талын зөвлөгөө, мэдээлэл өгч, өргөдөл, гомдол, саналыг нь хүлээн авч шийдвэрлэж байна. 2021 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт ашиглалтад оруулах бол ирэх оноос Улаанбаатар хотод Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төв, тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж эхлэхээр төлөвлөжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбарын бодлогын шинэчлэл, хийж байгаа ажлынхаа талаар товч танилцууллаа. Яам:
- Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл
- Халамжаас хөдөлмөрт шилжих
- Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг нэвтрүүлэх
- Суралцагч төвтэй бодлогоос Сургууль төвтэй бодлогод шилжих
- Нийгмийн бүлгүүдийн хөгжил, хамгааллын цогц бодлого
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил тэгш хангах
- Цахим яам болохыг зорьж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн www.ehalamj.mn, нийгмийн даатгалтын www.ndaatgal.mn, Мэргэжлийн боловсрол, сургалтын www.mergejil.mn, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичвэрийг ярианд хөрвүүлэх TTS программ хангамж зэргийг нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд шимтгэл төлөлтийн лавлагаа, сайн дурын даатгалын үйлчилгээ, Насны хишиг, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсаны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн, одонтой ээжийн тэтгэмжийг цахимаар авч байна. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл олгох программ, Гадаадаас ирж ажиллах хүчний бүртгэл, www.etuslamj.mn зэрэг цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамт олонд талархал илэрхийлж, уян хатан, шуурхай, ажил хэрэгч, санаачилгатай байж, нийтийн эрх ашгийг дээдлэн, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллахыг захив. Ирэх дөрвөн жилд зам тээвэр, төмөр зам, барилга, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрчимжсэн газар тариалангийн салбар дахь бүтээн байгуулалтын үр дүнд 138 мянган ажлын байр шинээр бий болох учир үүнд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Цаашид:
- Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо, судалгаатай болгох
- Халамжийг хэт хавтгайруулах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгох, иргэдээ халамж шүтсэн хандлагатай болгохгүй байх
- Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чадвартай багш, шаардлагад нийцсэн сургалтын орчин, дадлагын баазтай болгож Сургууль төвтэй болгох
- Тодорхой салбарт мэдлэг, чадварыг нь өвлүүлэх хэлбэрээр ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
- Хүүхдүүд аюулгүй орчинд өсч торних, сурч хөгжих нөхцөлөөр хангаж, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхэд хамгааллын зардлыг бууруулах бус, харин нэмэгдүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай нийгмийн халамж, хамгааллыг үзүүлж, жирийн иргэдийн адил нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлэх чиглэлээр сайн туршлага, арга хэрэгслийг нэвтрүүлэхийг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС