Хэн юу хэлэв...
Б.Лхагвасүрэн: Төв банк зээлийн тасалдал үүсгэхгүй байх, хүүг бага түвшинд хадгалахыг зорьж байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 9 дүгээр сарын хурлын шийдвэр (Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувь болгохын зэрэгцээ Төв банк урт хугацаат репо хэрэгсэл нэвтрүүлэхээр болсон) болон макро эдийн засгийн талаар ярилцлаа.
-Төв банк энэ жил бодлогын хүүг 3 дахь удаагаа бууруулж 8% болголоо. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр юунд чиглэж байна вэ?
- Ковид 19-оос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр иргэд болон аж ахуйн нэгжүүд санхүүгийн томоохон сорилттой тулгарч буй энэ үед зээлийн тасалдал үүсгэхгүй байх, санхүүжилтийн өртөг зардлыг бууруулах, мөн зээлийн хүүг бууруулах зэрэг бодлогын зорилтуудтайгаа нийцтэйгээр шийдвэр гаргахыг Төв банк зорьж байна. Бодлогын хүүг бууруулснаар зах зээл дээрх зээлийн хүү, ялангуяа сайн зээлдэгчдийн хувьд санхүүжилтийн нөхцөлийг сайжруулна гэж харж байна. Макро эдийн засгийн орчин муудах үед зээлийн хүү өсөх хандлагатай байдаг ч энэ оны 7 дугаар сарын байдлаар зээлийн дундаж хүү 15.8 хувь буюу 2011 оноос хойших сүүлийн 9 жилийн доод түвшинд хадгалагдаж байна. Энэ бол цар тахлын сөрөг нөлөөг зөөлрүүлэхээр Төв банкнаас хэрэгжүүлсэн багц арга хэмжээний үр дүн байгаа юм. Өмнөх улиралтай харьцуулахад ханшийн суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцлийн төлөв сайжирч инфляцын дарамт багассан зэрэг нь энэ удаагийн хурлаар мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зайг олголоо. Үүний зэрэгцээ, Төв банк урт хугацаатай репо хэрэгсэл зах зээлд нэвтрүүлснээр эдийн засгийн хүндрэлтэй үед банкуудын хөрвөх чадвар дээшилж эдийн засагт шинэ зээл нийлүүлэхээс гадна, зээлийн хүү өсөхгүй байхад нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, банкууд тодорхой төрлийн сайн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалан Монголбанкнаас зах зээлийн зарчмаар урт хугацаатай санхүүжилтээр зээл гаргах нэмэлт эх үүсвэртэй болно гэсэн үг.
-Инфляц 8-р сард 2.1 хувь болж буурсан нь хөгжиж буй орны хувьд эдийн засгийн идэвхжил хумигдсаныг илэрхийлэх хэт бага түвшин болж байна. Төв банк үүнийг хэрхэн харж байна вэ?
-Инфляцыг хөөргөдөх эрэлтийн болон нийлүүлэлтийн хүчин зүйлс аль аль нь сул байна. Эрэлт талаас эдийн засгийн идэвхжил сүүлийн 2 улиралд хурдтай суларлаа. Тодруулбал, ДНБ 1 дүгээр улиралд -10.7 хувь, 2 дугаар улиралд -9.1 хувь агшсан байна. Хэдийгээр Засгийн газар болон Төв банкнаас иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, өрхийн бодит орлого өсөлттэй, хөдөлмөрийн зах зээлийн статистик төдийлөн муудаагүй байгаа ч Ковид 19-тэй холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Харин нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд, өнгөрсөн жилүүдэд инфляцыг хөөргөдөж байсан бараа бүтээгдэхүүний үнэд өндөр өсөлт бий болоогүй нь дарамтыг зөөлрүүлж байна. Тухайлбал мах, хатуу түлшний үнэ харьцангуй тогтвортой, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагаад шатахууны үнэ боломжийн түвшинд хадгалагдаж байна. 8 дугаар сараас хүнсний ногооны үнэ хямдарснаар аль хэдийн нам түвшинд орсон инфляцыг илүү эрчимтэй буурууллаа. Инфляц ийнхүү бага байгаа нь эдийн засагт дэмжлэг шаардлагатайг илэрхийлэхээс гадна мөнгөний бодлогод орон зайг олгож байна. Төв банк өнгөрсөн 3 жилд инфляцын 8 хувийн зорилтоо үр дүнтэй биелүүлсэн тул цаашид зорилтыг бууруулж 6 хувийн түвшнийг интервалтай онилох бодлогод шилжинэ. Эдийн засгийн идэвхжлийг дагаад инфляц нэмэгдэх ч, цаашид энэ түвшинд тогтворжуулахыг зорьж ажиллана гэсэн үг. Энэ нь Монголбанкны мөнгөниий бодлого, үйл ажиллагаа нь бусад өндөр хөгжсөн улс орнуудын төв банкуудын адил үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс инфляцыг онилж тодорхой түвшинд тогтворжуулах зорилт тавин ажилладаг хөгжлийн шинэ шатанд гарсныг илтгэх юм.
-Эдийн засгийн цаашдын байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурал дээр ямар хэлэлцүүлэг өрнөв?
- Гадаад орчинд Ковид 19-ийн тархалт үргэлжилж, дэлхийн эдийн засагт сорилт учруулсаар байгаа боловч гол эдийн засгуудад идэвхжил нэмэгдэж байна. Ялангуяа Хятадын эдийн засаг 2 дугаар улиралд эерэг өсөлттэй, сүүлийн саруудад үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тэлэлттэй байгаа нь экспортын гол түүхий эдийн эрэлт болон үнэд эерэгээр нөлөөллөө. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч оны эхний хагаст хийж байсан төсөөлөл тооцооллоо эргэн харж, зарим нь сайжруулж дэлхийн эдийн засгийн төлөвийг өөдрөг тал руу нь засварлаж байна. Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, зах зээлийн итгэлийг сэргээж, нийт эрэлтийг тэтгэн эдийн засгийн огцом уналтаас зайлсхийх зорилгоор хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад төсвийн тэлэх бодлогыг түлхүү ашиглаж байгаа нь нэг талдаа өрийг нэмэгдүүлж байгаа ч эерэг үр дүнгээ зохих хэмжээгээр үзүүлж эхлээд байна. Түүнчлэн гол төв банкуудын шийдвэрийн нөлөөгөөр гадаад зах зээл дээр ам.долларын санхүүжилтийн өртөг буурч байна.
Дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл үйлдвэрлэл талаас өнгөрсөн 2 улиралд 30% орчим унаад байсан уул уурхайн салбарт сэргэлт ажиглагдахын зэрэгцээ агшилттай байсан үйлчилгээний салбарууд дээр хөл хорио цуцлагдаж байгаа нь бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй. Мөн эрэлт талаас цэвэр экспорт дээр гол эерэг өөрчлөлт бий боллоо. Хэдийгээр төлбөрийн тэнцэл сайжирсан дүр зурагтай байгаа ч санхүүгийн зах зээл дээр идэвхжил сул, бодит секторын гүйцэтгэл тааруу хэвээр байгаа тул Мөнгөний бодлогын хорооны гишүүд эдийн засагт дэмжлэг шаардлагатай гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Анх бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг хэлэлцсэн ч, бодлогын орон зай байгааг харгалзан хүүг 1 хувиар буулгаж, зоримог гэж дүгнэж болох шийдвэрийг гаргалаа. Бизнесийн байгууллагуудын энэ өвлийн бэлтгэл хангалт, дээр нь ирэх 2021 оны бизнесээ төлөвлөж буй үед хүүг бууруулах шийдвэр нь зах зээл дээр чухал дохио болох юм. Бодлогын орон зай талаас шийдвэр гаргахад зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай нэг асуудал нь төгрөгийн ханшийн хөдөлгөөн байсан. Өнөөдөр бидний хувьд суурь хүү болгон ашиглаж байгаа төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн өгөөжийг илэрхийлж байгаа учир төгрөгийн ханшид ирэх дарамтыг нарийн тооцоолох, эрсдэлийг үнэлэх явдал чухал байдаг.
-Тэгвэл бодлогын хүүг бууруулснаар төгрөгийн ханш дээр дарамт үүсэх вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
- Хүүг бууруулснаар ханшинд ирэх дарамт нь зээлийн суваг хэр хүчтэй ажиллаж улмаар импортыг нэмэгдүүлж төлбөрийн тэнцэлд хэр зэрэг дарамт үүсэх эсэхээс, мөн валютын орох урсгал болон гадаад валютын албан нөөцөөс ихээхэн хамаарна. Зээлийн хувьд, эдийн засгийг тэтгэх энэхүү гол санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, санхүүгийн зуучлалын тасалдал үүсгэхгүй байх нь чухал. Сүүлийн саруудад зээл аль хэдийн 5 хувь орчим агшилттай яваа тул төлбөрийн тэнцэл дээр том дарамт үүсгэхгүй болов уу. Валютын орох гарах урсгалын хувьд, хэд хэдэн эерэг өөрчлөлтийг нэрлэж болно. Нэгт, гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Алтны үнэ түүхэн дээд 2000 ам.доллар орчимд, зэсийн үнэ 6000 ам.доллараас дээш боломжийн түвшинд, нүүрсний экспорт сэргэж, хилээр 2000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч буй байдал, түүнчлэн импортууд болон зарим үйлчилгээний зардал хумигдан, ялангуяа нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 40 ам.доллар орчимд буюу харьцангуй хямд байгаа зэрэг нь урсгал тэнцлийг сайжруулж валютын урсгалд эерэгээр нөлөөлж байна. Хоёрт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж санхүүжилтүүд хэвийн орж ирж байгаагийн зэрэгцээ Оюу толгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх, хуваарийн дагуу орж ирэхээр байна гэж харж байна. Валютын нөөцийн хувьд, импортын 7-8 сарын хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэвээр, ханшийн огцом савлагааг үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг Төв банк хэрэгжүүлж ирлээ. Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30% хүртэл суларсан. Харин монгол төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 хувь орчим суларсан нь гол экспортын орлого 40-50 хувь хүртэл тасарсан хүнд үед харьцангуй сайн үзүүлэлт гэж харж байна. Гадаад сөрөг шокыг дан ганц валютын нөөц дээр авах боломжгүй бөгөөд тодорхой хэмжээний ханшийн тохиргоо нь дунд хугацаанд эдийн засгийн тогтворгүй байдлаас сэргийлэх суурь болох учиртай.
Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, Төв банкны хувьд улсын валютын нөөц хангалттай хэмжээнд хуримтлагдан өсч байна. Өмнөх улирлын Мөнгөний бодлогын хорооны хурлаас хойш төлбөрийн тэнцэл сайжирч, тухайлбал худалдааны тэнцэл 8-р сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарч оны эхний хагаст үүсээд байсан алдагдал нөхөгдсөн. Санхүүгийн тэнцэл талаас бол олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас энэ ондоо багтан 700 сая ам. долларын зээл тусламж үзүүлэх гэрээ хэлцэл хийгдэж байгаа зэрэг эдийн засагт бий болсон өөрчлөлт, шинэ мэдээлэлд үндэслэн төгрөгийн ханш огцом савлагаа үүсэх эрсдэл буурсан. Ингээд эдгээрээс үзэхэд ханш өмнөх онуудынхаа хандлагаар тогтвортой байх боломжтой гэж тооцоолоод байна.
- Эдийн засгийн орчин тааруу, зээлийн эргэн төлөлт муудаж буй энэ үед бодлогын хүүг бууруулж, банкууд нэмэлт эх үүсвэртэй боллоо ч зээл олгож эдийн засгийг дэмжих эсэхэд эргэлзэж л байна.
Юуны өмнө, дотоод эдийн засгийн орчны талаар дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй болов уу. ДНБ оны эхний хагас жилд 9.7 хувь агшсан боловч үүний гол шалтгаан болсон уул уурхайн салбар (ДНБ-ийн агшилтын 6.2 нэгж хувийг дангаараа тайлбарласан), ялангуяа нүүрсний экспорт, үйлдвэрлэл 8 дугаар сараас эхлэн сэргэсэн нь том эерэг өөрчлөлт юм. Энэ нөлөө эхний ээлжинд худалдаа, тээвэр болон боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад мэдрэгдэнэ. Түүнчлэн, үйлчилгээний салбаруудын бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан хөл хорио 3 дугаар улирлаас суларч, идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна. Харин эрэлт талаас экспортын биет хэмжээ нэмэгдэн гадаад худалдаан дээр эерэг өөрчлөлт бий болсны зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нь өсөлтийг дэмжинэ. Хоёрт, банкуудын хувьд сайн зээлдэгч нартаа санхүүгийн зуучлал үзүүлснээр бизнесийн үйл ажиллагаа, ажлын байр, хэрэглээг тэтгэх нь макро орчин хурдан тогтворжиход чухал нөлөөтэй. Энэ нь мэдээж эргээд банкны салбарын үйл ажиллагаа, санхүүгийн системийн тогтвортой байдалд ч чухал. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, сорилтын энэ үед макро эдийн засгийг тогтвортой байлгахын тулд бодлогын бүх хэрэгслээ ашиглах болно. Төв банкинд бодлогын хэрэгслийн хувьд ч, хүний нөөц чадавхийн хувьд ч хангалттай нөөц боломж бий, тэр хэмжээнд бэлтгэгдсэн институци болж төлөвшиж хөгжсөн.
-Ковид 19-ийн үед улс орнуудад тулгарч буй мөнгөний бодлогын гол сорилтын талаар болон цаашдын эдийн засгийн байдалд анхаарах зүйлсийн талаар Та тодорхой тайлбарлаж өгөөч.
Олон улсад эдийн засгийн үйл ажиллагааг эрэлт, нийлүүлэлт талаас нь зэрэг хумисан цар тахал хэзээ намжиж бүрэн хяналтад орох нь тодорхой бус байгаа нь гол сорилт юм. Чанга хөл хорионы нөлөөгөөр дэлхийн гол эдийн засгууд 2 дугаар улиралд хүчтэй агшсан ч, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн 2-3 сард идэвхжиж эхэллээ. Гэхдээ вакцингүй үед вирусийн эрсдэл хэвээр, зарим орнуудад цар тахлын 2 дахь давалгаа үүсч болзошгүй байна.
Монголбанкны хувьд, хүндрэлийн үед цалин орлого эсвэл борлуулалт нь хумигдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хөрвөх чадварын түр зуурын эрсдэлийг цааш гүнзгийрэхээс сэргийлэх, хүндрэлийг зөөллөхөд зорьж, ажиллаж ирсэн. Өмнөх гаргасан шийдвэрүүд үр дүнгээ өгч байгааг та харж байгаа байх. Цаашид гаргах бодлого шийдвэр маань мөн адил байх болно. Зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлээр дамжуулж хэрэгжих мөнгөний бодлого нь уналтын шокыг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжихэд үр дүнтэй. Харин нэгэнт ядуу эмзэг бүлэг болон үйл ажиллагаа нь бүрэн зогсчихсон аж ахуйн нэгжүүдэд зээл төдийлөн тус болохгүй учраас төсвийн зарцуулалт чухал юм. Иймд хямрал удаан үргэлжилсэн тохиолдолд зарцуулах санхүүгийн нөөцтэй байх, Ковид 19-ийн дараа эдийн засгийг сэргээх сангийн бодлогын орон зайг хадгалах нь чухал.
Мөн бид энэ хүндрэлийг манай эдийн засгийн буруу бүтцийг сууриар нь засах боломж гэж харж байна. Төр нь ч, хувийн хэвшил нь ч тэр санхүүгийн шийдвэр гаргахдаа яг одоогийн ажлын байр, өсөлтийн статистик гэхээсээ илүүтэй ирээдүйд аль эдийн засгийн салбар, ямар бизнес моделийг дэмжиж хөгжүүлэх вэ гэдгийг нухацтай бодох шаардлагатай. Түүнчлэн улс орнуудад цар тахлын үед технологид суурилсан цахимаар ажиллах бизнес загвар түлхүү хөгжиж байна. Түүнчлэн, өмнө нь үйлдвэрлэл, үйлчилгээ үндэстэн дамнасан байдлаар хоорондоо маш уялдаа хамааралтай нийлүүлэлтийн буюу өртгийн сүлжээнд тулгуурлаж ирсэн бол харин одоо хорио цээрийн дэглэмээс шалтгаалан өөрчлөгдөж, илүү бие даасан бүтэц боломжийг судлах боллоо. Дэлхий нийтээрээ шинэ нөхцөл байдалд дасан зохицохоор тэмүүлж, эрэл хайгуул хийж байгаа үед бид хоцорч болохгүй.
-Ярилцсанд баярлалаа!
Эх сурвалж: Монголбанк
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Дэлхий нийтээр..2022/02/25
АТГ: "Капитал" банкны битүүмжилсэн хөрөнгийг улсад буцаав
-
Дэлхий нийтээр..2026/03/04
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий ...
-
Дэлхий нийтээр..2024/07/31
Хөрсний бохирдлоос сэргийлж, борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмо...
-
Хэн юу хэлэв...2022/06/09
Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож ...
