Тод индэр
Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 08-нд болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Үндсэний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн. “Эрдэнэс Монгол” компани бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжүүлэгч гол концефц юм. “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. Энэ компанийн нэгдэлд байдаг охин компаниудын ТУЗ нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, эдгээр хүмүүс бүгд төрийн байгууллагын газар, хэлстийн дарга нар байдаг. “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасанчлан дэлхийн уул уурхайн шилдэг корпорациудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй, групп байдлаар явж байгаа.
Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” үйлдвэрийг оруулсан. Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэн холдинг компани болж байгаа. Компаниудыг хоёр бүлэгт хуваасан. Зэс металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэж. Ингэснээр хоёр группийг хоёр ТУЗ-өөр удирдах боломжтой болсон. ТУЗ-ийн 207 гишүүнийг цомхотгож, 27 хүний бүрэлдэхүүнтэй болгоно. Зардал хэмнэж, үйл ажиллагаа нь уялдаатай, нэгдсэн бодлогоор явуулах боломж бий болж байна" гэж ярилаа.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.