Тод мэдээ
Завхан аймгийн 227 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.18/ Завхан аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ. 70 гаруй мянган хүн амтай Завхан аймгаас энэ жил 227 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээж тус тус хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэх үеэрээ Нөмрөг сумын иргэн Хурцбилэгийн Чимэдцогзолд төрсөн өдрийн мэнд хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:
“Монголын сайхан ээжүүд ээ,
Ачлалт эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, эх орны ирээдүйг бүтээх хүүхэд, багачуудыг халамж хайраараа өлгийдөн өсгөж байгаад тань халуун талархал илэрхийлье.
2020 онд улсын хэмжээнд нийтдээ 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын өмнөөс үе шаттайгаар гардуулж байна.
Өнөөдөр Завхан аймгийн 227 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11 ээжид, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээжид гардуулж байна. Далай мэт гүн, тэнгэр мэт агуу их сэтгэлээ үр хүүхдэдээ зориулж яваа Та бүхэнд дахин баяр хүргэе!
Мөн Нөмрөг сумын иргэн Хурцбилэгийн Чимэдцогзолд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайн бүхнийг хүсэн ерөөе!
Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь байгалийн баялаг бус хүн, тэр дундаа та бидний үйлсийг үргэлжлүүлэх, шинэ монголыг бүтээн байгуулах хүүхэд, багачууд юм. Иймдээ ч монголын төр хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.
“Эхийн алдар” одон бол ээж хүний нялх балчир үрсээ төрүүлж, өсгөх нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж буйн өчүүхэн илэрхийлэл бөгөөд эхчүүдийг дэмжих, хүүхдийг хамгаалах төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой.
Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, идэвх санаачилгатай ажилласан.
Цаашид ч хүн амаа өсгөх, хүүхдийг хамгаалах, эхчүүдээ дэмжих бодлогыг тэгш, хүртээмжтэй, өгөөжтэй байлгахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардаж авсан хамгаас нандин хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Завхан нутгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ дахин халуун талархал илэрхийлье.
Монголын үрс маань маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.
Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргээс гадна Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан аймагт амьдардаг ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан аваад байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2022/10/28
Батлагдсан стандарт нь бүх салбарт хэрэгждэг байхад Монгол Улсын Засгийн газраас...
-
Тод мэдээ2021/03/05
“Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-III”-г хэрэгжүүлжээ
-
Тод зураг2020/03/25
Гүлнара Каримаво авлигын хэргээр дахин ял сонслоо
-
Өнөөдөр2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу...