Тод индэр
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажиллалаа

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Хүндэт харуулууд жагсаж, төрийн дуулал эгшиглүүлэн угтан авсны дараа ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар ангийн түүхэн замнал, ололт амжилт, үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Түүнчлэн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчдын байр, ангийн гал тогоо, эрүүл мэндийн төв, угаалгын газар болон засаж, сайжруулах шаардлагатай зарим барилга байгууламжтай танилцлаа биечлэн танилцлаа. Батлан хамгалаахын сайд Г.Сайханбаяр үргэлжлүүлэн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газар, Батлан хамгаалах салбарын цаашдын бодлого, Зэвсэгт хүчний өөрчлөл, шинэчлэлийн талаар танилцуулсан юм.
Тухайлбал, “Сая ангийн танилцуулга сонсоод сууж байхад та бүхэн анги, хамт олноороо олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна. Хүнтэйгээ тулж ажилладаг, хүнээ боддог боловсон хүчнүүд энэ ангийн удирдлагаар томилогдон ажиллаж байгаад баяртай байна. Миний хувьд энэ салбарт тасралтгүй 35 жил зүтгэсэн хүний хувьд салбарынхаа бие бүрэлдэхүүн, тулгамдаж буй асуудлын талаар маш сайн мэднэ. Цаашид ямар ажил хийж хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчинг нь хэрхэн шинэчлэх, сургалт бэлтгэлүүдийг ямар байдлаар явуулбал илүү үр дүнтэй зэрэг олон зүйлийг мэднэ.
Ялангуяа, цэргийн жинхэнэ алба хаах тогтолцоог илүү төгөлдөржүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэг техникийн бэлэн байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Манай цэргийн алба хаагчид өөрийн ажил, үүргээ зөвхөн цалин авах боломж гэдгээр биш бахархал талаас нь харж байгаасай. Өнөөдөр цэргийн алба хаагчид улс орны бүтээн байгуулалтыг нуруундаа үүрч, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бид бүхэн харж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын далангийн ажлыг 100 хувь хийж дуусгасан.
Одоо төмөр замын трассыг тавьж суурилуулах ажилд үүрэг гүйцэтгэж байгаа. Сүүлийн жилүүдэд улс орны стратегийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний алба хаагчид гар бие оролцсон” хэмээн онцолсон юм. Мөн үргэлжлүүлэн хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын туслах аж ахуйг хөгжүүлж, өөрсдийн нормын хүнсний хэрэгцээгээ тариалаад, бие бүрэлдэхүүнээ эрүүл хүнсээр хангах ажлыг нь дэмжинэ. Энэ нь мэдээж зохистой харьцаанд байх хэрэгтэй. Тариалсан хүнсний ногооныхоо үр шимийг нь бүрэн дүүрэн хүртдэг байх ёстой” гэв. Уулзалтын төгсгөлд тус ангийн зарим тэргүүний офицер, ахлагч нарыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг гардуулан өгсөн юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ажлын айлчлал төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний ангиудад үргэлжилнэ
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.