Тод индэр
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж байна

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт бүх сайд, холбогдох агентлагууд болон нийслэлийн удирдлага оролцож байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг нь дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-тэй холбоотой. Цар тахлаас үүдэн гарч байгаа болон цаашид учрах хүндрэлийг хэрхэн эдийн засгийн хохирол багатай даван гарах талаар хэлэлцэж тусгах юм.
“Үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд суурилна. Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана. Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
“УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаж бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах учир төсвийн тодотгол хийх учиртай. Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөг хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барина.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.