Тод индэр
УИХ-ын дэд даргааар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо

Анхдугаар чуулганы өнөөдрийн /2020.07.01/нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасан.
Хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Нэр дэвшигч Т.Аюурсайхан нь Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа бөгөөд өмнөх Улсын Их Хуралд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор цолтой.
Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяаг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. Нэр дэвшигч С.Одонтуяа нь Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа. Олон улсын бизнес удирдлагын магистр зэрэгтэй аж.
Намын бүлгийн санал, нэр дэвшигчдийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалгахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд даргаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд даргаар тус тус сонгогдов.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон хоёр дахь эмэгтэй гишүүн болж байгаа бөгөөд 2004-2005 онд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдон ажиллаж байв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
-Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
-Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
-Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
-Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;
-хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;
-Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлэхээр заажээ.
Үүгээр Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2021/05/17
Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлнэ
-
Чөлөөт бүс2020/10/07
Нууц нь тайлагдаагүй гайхмаар гэрэл зураг...
-
Тод мэдээ2023/05/04
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод ба...
-
Тод индэр2020/12/31
Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төри...