Дэлхий нийтээр..
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ЕБС-ийн 54 дүгээр сургуульд ажиллаж, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтэд оролцлоо.
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс бага ангийн 189 мянга гаруй хүүхэд хамрагдах юм. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгнө. Хөтөлбөрийг эхлүүлэхтэй зэрэгцэн сурагчдын бие бялдар, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг хэмжээд тодорхой хугацааны дараа гарсан өөрчлөлтийг дүгнэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Сүүнд 300 гаруй нэр төрлийн амин дэм, амин хүчил агуулагддаг. Тиймээс хүүхдүүд та бүхэн сүүгээ тогтмол хэрэглэж байгаарай. Сүү бол хүүхэд насанд маш чухал ач холбогдолтой хүнс тэжээл юм. Хүүхдүүдийг сүүгээр хангах хөтөлбөр бол цагаан зам мөртэй ажил. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Эрүүл, эрдэм боловсролтой, элбэг хангалуун ирээдүйг бүтээх нь бидний зорилго юм” гэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 он, БНСУ 1981 он, БНХАУ 2005 оноос сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Сүү хөтөлбөр хэрэгжүүлсэн улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн гэсэн нийгмийн эрүүл мэндийн судалгаа гарч байжээ. Мөн ясны сийрэгжилт, Д витамин болон кальцийн дутагдал арилсан байна. Хамгийн чухал нь хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд сайжирна гэсэн хүлээлттэй байна. Хүүхдүүдийн 90 орчим хувь нь шүдний цооролтой байна. Сүү хөтөлбөрийн үр дүнд энэ бүхэн арилж, хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдэнэ гэдгийг холбогдох байгууллагууд судалсан. Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бид гуравдугаар сард Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж байгаа сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Ингэснээр бид ирэх жилээс жилийн дөрвөн улирлын турш дотооддоо үнээний сүүгээ баяжуулж, хүүхдийн эрүүл мэндэд таарсан, боловсруулалт хийсэн сүүгээр хангахаар ажиллаж байна. Хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье” гэв.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/05/22
“Уул уурхайн инновац хөгжил” олон улсын форум эхэллээ
-
Дэлхий нийтээр..2024/07/05
Хэрлэн голын үер наадмын өдрүүдэд үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай б...
-
Дэлхий нийтээр..2022/02/17
Орон нутгийн нисэх буудлуудад ажиллах нислэгийн удирдагчдыг дотооддоо бэлтгэж эх...
-
Дэлхий нийтээр..2022/06/13
Эрүүл мэндийн салбарынхан "Алхангаа ярилцъя" арга хэмжээг зохион байгу...
