Дэлхий нийтээр..
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороог 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр байгуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хянан шалгах түр хороо 12 хуралдаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахаар товлосныг тус Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээллийнхээ эхэнд дурдав.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна.
“Жавхлант” (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; "Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах тусгай шалгалтын хүрээ хязгаар бүхий хянан шалгах түр хороо 2006 оноос хойш буюу 20 жилийн хугацаанд Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгааг О.Батнайрамдал гишүүн мэдээлэлдээ онцоллоо. Сонсголын гэрчийн нэрсийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан долоон хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан 39 хүний нэрс багтсан байгааг тэрбээр танилцуулсан. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалтнууд, “Рио Тинто” групп болон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үе үеийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс багтсаныг О.Батнайрамдал гишүүн энэ үеэр мэдээллээ.
Тэрбээр, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол нь хэн нэгнийг цоллох биш, тусгай шалгалтын хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг цуглуулан, судлан шинжилж, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаа гэдгийг онцлоод сонсголд дуудагдаж буй гэрчүүдийг иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн Хянан шалгах түр хорооны сонсголд идэвхтэй оролцохыг хүсэв.
“Оюу толгой” төслөөс Монголын ард түмэн нийт үр өгөөжийн 50-иас дээш хувийг хүртэх хүлээлттэй байсан хэдий ч өнгөрсөн хугацаанд 25 орчим хувийн үр ашиг хүртэж байгаа талаарх мэдээллийг П.Ганзориг гишүүн хэлээд “Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан Улсын Их Хурлын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Аль түвшиндээ, ямар шалтгаанаар хэрэгжилт нь хангагдахгүй байсныг Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид тогтоохоор 60000 гаруй хуудас материалыг судлан, шинжилж байна. Сонсголоор Монголын ард түмэнд бодитой мэдээллүүдийг хүргэж, шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана” гэв. Нотлох баримтыг цуглуулах хүрээнд цуглуулсан 60000 гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байгаа учраас шинжээчид, хянан шалгагч нар ажиллах хэдий ч олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх боломжгүй, нотлох баримт болгон ашиглах боломжгүй болоод байгааг дурдсан. Иймд эдгээр баримтыг нууцын ангиллаас гаргуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлээд байгааг хэвлэлийн бага хурлын үеэр П.Ганзориг гишүүн мэдээлсэн.
Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын 30 жилийн хугацаатай гэрээг 2009 онд байгуулсан бөгөөд өдгөө 16 жил болж байгааг Б.Жаргалан гишүүн тэмдэглээд “Энэ цаг мөчид монголчууд энэхүү гэрээтэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь нийгэмд итгэлцэл бий болох ач холбогдолтой. Гэрээ хэрэгжсэн 16 жилийн хугацаанд ямар алдаа гарав, түүнээс ямар сургамж авсан гэдгээ дүгнэх цаг болсон гэж үзэж байгаа. Үүнээс суралцсан сайн туршлагаа дараа дараагийн гэрээнүүдэд тусгах, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбараас Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулахад нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Ийм ч учраас хянан шалгах түр хороо энэ хугацаатай давхцан байгуулагдаж, ажиллаж буйд их олзуурхаж байгаа” гэлээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх албан ёсны хэлэлцээтэй Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол давхцаж байгааг Б.Жаргалан гишүүн хэлсэн. Сонсголын нотлох баримтууд, холбогдох үйл явц нь гэрээний нөхцөлийг сайжруулах, Монголын талын хүртэх өгөөжийг зохих хувьд хүргэхэд эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа дурдсан.
Б.Бат-Эрдэнэ гишүүн сонсголд гэрчээр оролцсон хүмүүсийг буруутгахгүй байхыг хүссэн. Гэрчээр оролцох хүмүүс нь тухайн үеийнхээ нөхцөл байдалд хийх ёстой ажлаа боломжийнхоо хэрээр гүйцэтгэж ажилласан гэдгийг ойлгож, дараа дараагийн Засгийн газар илүү сайжруулахад анхаарах шаардлагатай гэдгийг онцоллоо. Сонсголын дараа нотлох баримтаар цуглуулсан 60000 гаруй хуудас материалыг судалсан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлтээр шаардлагатай хэсэг нь хууль хяналтын байгууллагад шилжих ёстой гэдэг байр суурийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлээд энэ гэрээ Монгол Улсад ашигтай, Монгол Улсын иргэн бүрд өгөөжтэй байх ёстой төсөл хэмээсэн.
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо таван сар гаруй хугацаанд ажилласныг С.Зулпхар гишүүн тэмдэглэв. Энэ хугацаанд зохих үр дүнгүүд гарсан болохыг тэрбээр хэвлэлийн бага хурлын мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тухайлбал, гэрээний талаарх хэлэлцээ эхэлсэн бөгөөд үүнд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа хөшүүрэг болж, нөлөө үзүүлсэн гэв. Хэлэлцээний дүнд зээлийн хүүг бууруулах, цаашлаад менежментийн зардлыг бууруулах боломжтой хэмээгээд “Эрх тэгш байх, харилцан ашигтай байх зарчмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байр суурийг баримталж байна. Үүний зэрэгцээ “Онтрэ” ХХК-ийн асуудал хөндөгдөж байгаа. Тодорхойгүй энэ нөхцөл байдлын талаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийн явцад тодорхой байр суурийг илэрхийлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо адил. Стратегийн ач холбогдолтой орд, Монголын ард түмний баялаг учраас тусдаа хэлэлцээ хийж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд нийцсэн тухайлсан гэрээ байгуулагдах ёстой” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Оюу толгой” төсөл нь Монгол Улс дахь хамгийн том төсөл, хөрөнгө оруулалт бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн аливаа шийдвэрүүд хэрэгждэг байхыг чухалчилж буйгаа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
