Дэлхий нийтээр..
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ОБЕГ-тай хамтран ажиллана
Газрын тос боловсруулах үйлдвэр нь монгол улсад нефть-химийн аж үйлдвэрийн цоо шинэ салбарын суурь, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болж буй учраас олон салбар, чиглэлийн хамтын ажиллагаа шаардлагатай. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын үе шат болон ашиглалтын үед аюулгүй ажиллагаа нэн чухал учраас энэ чиглэлд Онцгой байдлын ерөнхий газартай нягт хамтран ажиллахаар болж байна.
Өнөөдөр пүрэв гарагт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаа болон төслийн хүрээнд хийгдэж буй ажилтай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Мандахгэрэл болон холбогдох мэргэжилтнүүд танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь аюулгүй ажиллагаагаа бүрэн хангахын тулд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомат хяналтын системээр удирдахаас гадна аливаа эрсдэлд бэлэн байх үүднээс өөрийн гал унтраах ангитай байх юм. Аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй осол гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд Онцгой байдлын ерөнхий газар чиг үүргийнхээ хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах боломжтой талаар тус байгууллагын удирдлага саналаа хэллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь монгол улсад анх удаа байгуулагдаж буй, цоо шинэ салбарын эхлэл учраас аюулгүй ажиллагааны хувьд зураг төслийн шатнаас эхлэн хамтран ажиллах шаардлагатайг мөн онцоллоо. Уулзалтын төгсгөлд, аливаа осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байх, хохирол багатай даван туулах чиглэлд хүний нөөц бэлтгэх болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн хангамжийн тал дээр мэргэжлийн заавар зөвлөмж, туслалцаа үзүүлэх гэхчлэн асуудлуудыг багтаасан санамж бичиг байгуулахаар хоёр тал тохиролцлоо.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/01/14
Гандан орчмын 1.6 га талбайд тохижилт хийж, жишиг гудамж байгуулна
-
Хэн юу хэлэв...2023/10/24
Б.Эрдэнэзаяа: “Asian Cup” тэмцээний өсвөрийн болон насанд хүрэгчдийн...
-
Дэлхий нийтээр..2022/08/19
Санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20.3 хувьд хүрчээ
-
Дэлхий нийтээр..2023/11/13
Мөсний зузаан харилцан адилгүй байна
