Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг даргалсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, оронд нь шинээр төлөөлөгчдийг нөхөн сонгож батламжлав. Дараа нь Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогын мэтгэлцээнийг өрнүүлэв. Улмаар Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч, саналаа хэлсэн юм.
Хуралдааныг удирдсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Бага хурлын нийт гишүүдээс 49 хүнийг өөрийн хүсэлтээр болон төрийн албанд томилогдсон тул чөлөөлж, дүрэмд заасны дагуу шат шатны байгууллагуудын намын дарга, дэд дарга нарыг сонгож батламжиллаа. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо” гэв.
Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Намын даргын орон гарсан тохиолдолд Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэж намын дүрэмд заасан. Хэдэн үе шаттай зохион байгуулахыг Тооллогын комисс журам баталж шийддэг зохицуулалттай тул энэ дагуу сонгуулийг явууллаа” гэж тодотгов.
Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээлэлдээ “Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ.
Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй. Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно. Улс төрийн нам өнөөдөр үйл ажиллагаандаа өрсөлдөгчгүй нэг нэр дэвшигч байсан ч гэсэн нууц санал хураалт явуулдаг хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалт болон Тооллогын комиссын журмыг баримтлан хоёр дахь санал хураалтыг явууллаа. Хуралдаан дундаа завсарлагатай явсан, эхний санал хураалтын дараа хуралд оролцсон гишүүд буюу ирцийг дахин шинэчилж гаргасан.
Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана” хэмээн тайлбарлав.
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдааны төгсгөлд XXXI Их хурлыг энэ 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар товлож, Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг 100 хувийн саналаар баталлаа гэж Монгол Ардын намаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Тод зураг2019/09/02
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2020/08/06
ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд!
-
Дэлхий нийтээр..2025/04/16
2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагатай...
-
Чөлөөт бүс2020/06/16
Жолооч бүрийн мэдвэл зохих 12 зүйл
