Тод мэдээ
Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зар

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зар
Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэн Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтад:
1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, томилно.
2.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:
- төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
- улс төрийн намын удирдах албан тушаалтан;
- бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
- бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.
Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягт;
- Дээд боловсрол, эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшсэн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын тодорхойлолт;
- Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
- Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа;
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.
Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн 17:30 цаг дуустал Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ үү.
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401
Лавлах утас: 51-260280, 99116090
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод зураг2022/05/03
Эрт илрүүлэгт хэн хамрагдах вэ?
-
Тод мэдээ2025/05/05
Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт...
-
Чөлөөт бүс2020/06/19
Дурсгалын зоосны үнэ шинэчлэгдэж, онлайнаар худалдаалж байна
-
Өнөөдөр2023/09/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой