Тод мэдээ
“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулж баяр хүргэв. “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа нь Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүдийн амжилтад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар шагнал гардуулсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяа, Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы ард иргэд хоорондын ган бат найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрсаг харилцааг улам бүр батжуулахад мэргэжлийн сүмо бөхийн спорт үнэтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэмдэглэв.
Мөн сүмо бөхөөр хичээллэж, барилдаж ирсэн Монголын үе үеийн бөхчүүд, Их аваргуудыг амжилтад хүргэхэд чин сэтгэл, уйгагүй зүтгэлээ зориулж, хүүхэд залуучуудад Японы соёл, зан заншил, сүмо бөхийн ёс жаягийг таниулан сурталчилж ирсэн Асахифүжи Сүгиномори Сэйяа багшийн гавьяа зүтгэлийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ оны 07 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон нь хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болно гэдгийг тэмдэглэв.
Асахифүжи Сүгиномори Сэйяа нь 1981 оноос сүмогийн дэвжээнд барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртсэн бөгөөд 1992 онд зодог тайлсныхаа дараа “Исэгахама” дэвжээний багш /ояаката/-аар тасралтгүй ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, сүмод сонирхолтой хүүхэд багачуудад мэдээлэл түгээж, сүмогийн спортод хөл тавихад нь тусалжээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2023/04/04
Улсын хэмжээнд 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийгджээ
-
Тод мэдээ2020/12/11
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
-
Өнөөдөр2024/01/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2021/05/06
Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь үнэлж байна