Тод мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.
Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.
Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.
Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван түвшний баримт бичиг байгуулахаар тохиролцсон. Энэ нь 1 дүгээрт Засгийн газар хоорондын энэхүү Хэлэлцээр, 2 дугаарт Ажлын хэсгийн түвшинд талуудын байр Протокол/энэхүү Протоколд мөн Харбин хотноо гарын үсэг зурсан. 3 дугаарт компаний хоорондын гэрээнүүдийг энэхүү Хэлэлцээрийг соёрхон баталсны дараа байгуулах аж.
Хэлэлцээрийн төслийг тохирох явцад талууд:
- төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр замаар гуравдагч талыг ачаа мөн тээврийг тээврлэх
- төмөр замын бүтээн байгуулалтыг хэрхэн богино хугацаанд хэрэгжүүлэх
- нүүрс худалдах, худалдан авах гэрээний хугацаа, нүүрсний хэмжээ, үнийш хэрхэн тогтоох
- Нүүрсний олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх, эрчим хүчний нүүрсний худалдаа
- Бусад боомтуудын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний салбар, бусад дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж дээрх 3 түвшний баримт бичгүүдэд тусгахаар тохиролцсон гэсэн мэдээллийг сайд өгөв.
Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, улмаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.
Энэхүү хуулийн төслийг батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.
Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр төслийн зураг төсөл норм стандартыг хангаж байгаа эсэх, томоохон бүтээн байгуулалт, төслийн ажлуудын график, үе шатуудад онцгой анхаарах, хугацаа алдахгүйгээр төмөр замын асуудлыг судлах, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тосгон, суурьшлын бүсийн асуудлыг шийдвэрлэх, цогцоор нь анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай, боомтод ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, лаборатори бий болгох, малчдын асуудал, худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, хураамжаас тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлэх, үр өгөөжтэй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хэрэгжилтэд анхаарах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад анхаарч, үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Жангабыл нүүрсний чанарт анхаарах, шинээр нээх уурхайгаас гарах нүүрсийг борлуулах талаар гэрээнд тусгах, УИХ-ын гишүүн Д.Ганбат төслийг хэрэгжүүлэх явц, үр дүнд анхаарч хариуцлагатай ажиллахыг сануулжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийн хэлсэн саналуудыг ажил хэрэг болгох, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас харилцан ашигтай байх, авто зам болон тээвэр, боомтын орчин нөхцөлтэй холбоотой орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлыг анхаарч ажиллахыг тэмдэглэжээ.
Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Тод мэдээ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Тод мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тод мэдээ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ.
-
Өнөөдөр2021/12/05
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Тод мэдээ2022/10/28
Батлагдсан стандарт нь бүх салбарт хэрэгждэг байхад Монгол Улсын Засгийн газраас...
-
Өнөөдөр2022/11/09
УИХ: Байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана
-
Өнөөдөр2023/09/13
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь