Дэлхий нийтээр..
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Амьтны тухай хууль 2012 онд батлагдсанаар бүс нутгийн амьтны зүйлийн бүрдэл, тэдгээрийн тархац, нөөцийн судалгааг хийж, зэрлэг амьтны мэдээллийн санг тогтмол шинэчилсний үндсэн дээр зэрлэг амьтныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Монгол Улсад 1986 оны байдлаар 30 гаруй мянган чоно, 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан гэж Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан судалгаанд дурджээ. Үүнээс хойш улсын хэмжээнд чонын талаар нарийвчилсан судалгаа, мэдээлэл байхгүй байгааг онцлов.
Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас олгосон эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болох бөгөөд тус эрхийн бичигт иргэний овог, нэр, агнах, барих, агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр хураамжийн хэмжээг нарийвчлан заадаг. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т заасны дагуу чоно агнах, барих зөвшөөрлийг тав хүртэлх хоногийн хугацаатай олгодог байна. Мөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.2-т тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг 20 хувиар буюу 226 мянган төгрөгөөр, зөвшөөрлийн хураамжийг 2 хувь буюу 22600 төгрөгөөр тус тус тооцож, нэг чоно агнах зөвшөөрөл 248600 төгрөгийн үнэлгээтэй байгаа аж.
Тулгамдаж буй асуудлыг тодорхойлбол:
Нэгдүгээрт, ан агнах зөвшөөрлийн бичиг нь 5 хүртэлх хоногийн хугацаатай байдаг. Хэрэв тухайн хугацаанд ан хийж чадахгүй бол дахин сум орж, зөвшөөрөл авах шаардлага үүсдэг тул төлбөр төлж, зөвшөөрөл авах сонирхол байдаггүй байна.
Хоёрдугаарт, хуульд заасны дагуу ан агнах зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх нь малчин иргэдийн хувьд хүндрэлтэй байдаг.
Гуравдугаарт, малчид, иргэд зөвшөөрөлгүй чоно агнавал өндөр торгууль төлөх учраас амь нас, мал сүргээ чоноос хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байгааг О.Амгаланбаатар гишүүн танилцуулгадаа дурдсан.
Мөн тэрбээр, торгууль, нөхөн төлбөрийн хэмжээ Засгийн 2023 оны амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу чонын экологи, эдийн засгийн үнэлгээг 1 сая 130 мянган төгрөгөөр тогтоосон байна. Зөвшөөрөлгүй чоно агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу торгууль төлөхөөс гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу 2 сая 260 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлдөг. Иймд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд “амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй" гэсэн 25.7 хэсэг нэмэхээр тусгасан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 25.1 дэх заалтад "Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрийн зориулалтаар агнуурын амьтан агнах барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна" гэсэн заасан байдаг хэмээн төсөл санаачлагч гишүүн танилцуулсан.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч Амьтны тухай хуулиар чоно агнахад заавал хураамж төлж, зөвшөөрөл авах ёстой гэж хуульчилсан нь өргөн уудам нутаг дэвсгэрт нүүдлийн соёлтой амьдарч байгаа малчин иргэдийн бодит амьдралд нийцэхгүй байгаа. Гэнэтийн үед буюу амь нас, мал сүргээ хамгаалах шаардлага үүссэн тохиолдолд зөвшөөрөл авалгүй чоно агнавал малчин, иргэд торгууль, төлбөр төлөх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах, өмчтэй байх эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн гэв. Мөн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг онцолж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чоно агнахыг хориглосон шийдвэр гаргах болсон шалтгаан нь монголчууд чонын авыг устах хэмжээнд хүртэл хийсэнтэй холбоотой гэв. Мөн хуулийн төсөл батлагдсанаар чоно агнах явдал эргээд хязгаарлалтгүй байдалруу шилжих вий гэсэн болгоомжлол байгаа тул үүнийг хэрхэн зохицуулах талаар тодруулав. Төсөл санаачлагч гишүүн О.Амгаланбаатар, Монгол Улсад 2000-2012 он хүртэл чонын тоо толгой нь багассан шалтгаан нь хятадууд чоныг өндөр үнээр авах болж, арилжааны зориулалттай хядлага болсноос үүдэлтэй. Иймд хуулийн төсөлтэй холбоотойгоор хавтгайрсан чонын ан хийх явдал гарахгүй гэдэгт итгэлтэй байна хэмээн хариулав.
Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай чонын тоо толгойн талаар 40 жилийн өмнө судалгаа хийсэн байна. Говийн болон зүүн аймгуудад талын саарал чоно үзэгдэхээ байсан. Үүнд салбарын яам саарал чонын тоо толгойг судлах, хамгаалах, ан агнуурт хяналт тавихад ямар бодлого баримталж байгааг лавлав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариултдаа, 2004 онд Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар 10 мянга орчим саарал чоно байна гэж тогтоосон. Саарал чоно нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн байдаг. Байгалийн эко тэнцвэрийг хадгалагч амьтан гэж үздэг. О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нэг заалтыг л тодорхой ойлгомжтой болгосон Өөрөөр хэлбэл, малчид, иргэд амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн заалт хамаарахгүй гэж тодорхой заасан тул хуулийн төслийг дэмжиж байгаагаа дурдсан юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
