Тод мэдээ
Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвлөөр нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх, Завханы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян–Өлгий, Увсын нутаг, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеээр цас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3° хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтийн зүүн, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи шуургатай байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС