Тод мэдээ
Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага иржээ

Энэ оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад иргэнээс 2024 оны 07 дугаар сараас энэ оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150.000.000 төгрөг алдсан гэх гомдол мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд сайт нээж зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг.
Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.
Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй та ганцаараа амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэхүү үйлдлээс татгалзахыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2020/11/02
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Тод зураг2019/12/27
Сураггүй болсон хоёр иргэн автомашинтайгаа цасанд суусан байжээ
-
Өнөөдөр2023/05/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2025/01/16
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа