Тод мэдээ
Төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэгтгэсэн цахим хуудас Gov.mn албан ёсоор ашиглалтад орлоо

Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой www.gov.mn цахим хуудсыг “И-Монгол академи” УТҮГ хөгжүүлж, 2023 оны 12-р сараас эхлэн олон нийтэд нээлттэй болж төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэж эхэлсэн бол өнөөдөр /2025.02.10/ албан ёсоор хэрэглээнд нэвтэрч Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уг нэгдсэн цахим хуудасны үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа.
2025 оны 1-р сарын 16-ны байдлаар Монгол Улсад 16 яам, 37 агентлаг, төрийн өмчит 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний дата төвд бүртгэлтэй 1441 төрийн байгууллага gov.mn домэйн бүхий 4784 цахим хуудастай.
Эдгээр байгууллагууд цахим хуудсаа хөгжүүлж, шинэчлэх зорилгоор жил бүр төсөв батлуулдаг бөгөөд зөвхөн нэг жилийн хугацаанд дунджаар нэг байгууллага 15,650,000 төгрөгийг вэб сайтын зардалд үүнээс:
- Web firewall – 4.320.000
- SSL wildcard – 330.000
- Web support бүхий нэг удаагийн зардал 3,000,000 – 5,000,000
- Шинэчлэлт, хөгжүүлэлтэд – 7,000,000 төгрөг зарцуулдаг байна.
Тэгвэл төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэгтгэсэн цахим хуудас Gov.mn нэгтгэснээр 1441 байгууллагын жил бүр гарах 28,820,000,000 төгрөгийг хэмнэнэ.
Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас GOV.MN нь бүх төрийн байгууллагыг нэгтгэснээр урсгал зардал, жил бүрийн төсвийг хэмнэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.
Одоогоор нийслэл, орон нутгийн 1000 гаруй төрийн байгууллага нэгдсэн стандарт, загвартайгаар мэдээллээ байршуулаад байна.
GOV.MN -ийн гол давуу талууд:
1. Нэг цонхны үйлчилгээ
- Иргэд болон бизнес эрхлэгчид төрийн бүх үйлчилгээ, хууль эрх зүйн мэдээлэл, татвар, боловсрол, эрүүл мэнд, цагаачлал гэх мэт олон төрлийн үйлчилгээг нэг платформоос авах боломжтой.
2. Хэрэглэгчдэд ээлтэй, ойлгомжтой бүтэц
- GOV.MN нь мэдээллийг товч, тодорхой, ойлгомжтой байдлаар хүргэдэг.
- Хайлт хийхэд хялбар бөгөөд хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээт мэдээллийг хурдан олох боломжтой.
3. Ил тод, нээлттэй засаглал
- Засгийн газрын бодлого, шийдвэр, санхүүжилт, төсөв, хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг нээлттэй байршуулж, иргэдийн хяналтад байлгадаг.
4. Цахим үйлчилгээний хүртээмж
- Төрийн үйлчилгээг онлайнаар авах боломжийг нэмэгдүүлж, цаасгүй, түргэн шуурхай, хялбар байдлаар зохион байгуулсан.
- Жишээ нь, татвар төлөлт, виз мэдүүлэг, жолооны үнэмлэх сунгалт, компанийн бүртгэл зэрэг олон үйлчилгээг GOV.MN-ээр дамжуулан авах боломжтой.
5. Төр, иргэний харилцааг сайжруулах
- Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгосон.
- Онлайн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн оролцоог хангадаг.
6. Өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалт
- Иргэдийн ашиглалтын дата, санал хүсэлтийг үндэслэн төрийн үйлчилгээг сайжруулдаг.
- Бодлого, шийдвэрийг нотолгоонд суурилсан өгөгдлөөр боловсруулдаг.
7. Хүртээмжтэй, олон төрлийн төхөөрөмжид нийцсэн загвар
- Гар утас, таблет, компьютер зэрэг бүх төрлийн төхөөрөмжөөс ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар хөгжүүлсэн.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй байдлыг хангаж хөгжүүлсэн.
Төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудасны үр ашигтай ажиллагааг хангахын тулд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэстэй хамтран 16 яам, Засгийн газрын 35 агентлаг, 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч (удирдах албан тушаалтнууд, мэдээллийн технологийн ажилтнууд)-д зориулсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулсаар байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС