Дэлхий нийтээр..
ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө
Эхлээд нэр дэвшигч Төмөрбаатарын Гарамжүгдэрийн талаар сонсгол даргалагч танилцуулав. 1988 онд Дорнод аймагт төрсөн тэрбээр өдгөө 37 настай. 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэлээр төгссөн бол 2019 онд Австрали Улсын Жеймс Кук их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. 2010-2016 онд УБ Сонгдо эмнэлэгт Санхүүгийн албаны захирал, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тэрбээр 2019 оноос хойш Австрали улсын “Welken” LLC, Санхүү татварын зөвлөх; 2021 оноос одоог хүртэл “Эй Би Эй Жи Скрийнин” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна. Улсад 15 жил ажиллаж буй нэр дэвшигч Т.Гарамжүгдэр нь Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Л.Соронзонболд гишүүд зөвлөлийнхөө журам, үйл ажиллагаатай сайтар танилцаж, зарчмын дагуу ажиллахыг хүсэв.
Дараа нь нэр дэвшигч Дорждэрэмийн Цолмонг Р.Сэддорж дарга танилцуулав. 1988 онд Дархан хотод төрсөн, 37 настай. 2006-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйчээр төгссөн. 2015 онд АНУ-ын Калифорнийн их сургууль, (Беркли) Хууль зүйн сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр 2010-2013 онд “Говийн зам” ХХК-д гэрээний мэргэжилтэн; 2013-2016 онд өмгөөллийн “Батбаяр энд Партнерс” ХХН-ийн ахлах хуульч, 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын зөвлөхийн туслах; 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч; 2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга; 2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 оны 07 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Улсад 14 жил ажилласан нэр дэвшигч Д.Цолмон нь Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.
Иймд дараагийн нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн юм. Ганболдын Золбоогийн талаар сонсгол даргалагч танилцуулав. Тэрбээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. 1997-2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр, 2009-2011 онд Вельсийн их сургуульд суралцаж, олон улсын бизнес удирдлагаар төгсжээ. 2020-2022 онд Санхүү, эдийн засгийн сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. 2013-2018 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн нэгтгэлийн хэлтсийн зөвлөх, Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж; 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга; 2022 оноос одоог хүртэл Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Улсад 12 жил ажилласан нэр дэвшигч Г.Золбоо Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа аж. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл нэр дэвшигчид амжилт хүсч, үг хэлсэн.
Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Идэшийн Батхүүгийн талаар хэлэлцэж, Р.Сэддорж дарга сонсголд оролцогчдод намтрыг танилцууллаа. И.Батхүү нь 1981 онд Увс аймагт төрсөн, 44 настай. 2001-2005 онд БНСУ-ын Инха их сургуулийг төгссөн. 2005-2007 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2008-2010 онд Сангийн яамны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж; 2010-2012 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн; 2012-2013 онд Эдийн засаг, хөгжлийн яаманд мэргэжилтэн; 2013-2016 онд “Бридж групп”-т газрын захирал; 2016-2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тасгийн дарга; 2018-2022 онд Сангийн яамны газрын дарга; 2022 оноос одоог хүртэл Эдийн засаг, хөгжлийн яамны гхазрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.
Тэрбээр улсад 17 жил ажиллаж байгаа бөгөөд Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна. Нэр дэвшигч И.Батхүү сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүдэд өөрийнхөө талаар танилцуулсны дараа П.Сайнзориг гишүүн асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэллээ.
Дараа нь нэр дэвшигч Дамдиндоржийн Мягмарцэрэнг сонсгол даргалагч танилцууллаа. Д.Мягмарцэрэн нь 1975 онд Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай. 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, эрх зүйчээр төгссөн. 2008-2009 онд Шихихутуг их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 1999 онд “Монголтранс” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажлын гараагаа эхэлж, 2000-2002 онд “Стелла интернэшнл” ХХК-ийн хуулийн зөвлөх; 2002 онд “Айвенхоу майнз” ХХК, геофизикч; 2003-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч; 2007 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газарт референт, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа, улсад 26 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Тэрбээр Статистикийн тухай хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа аж. Нэр дэвшигч өөрийнхөө талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.
Энэ өдрийн нэр дэвшигчийн томилгооны сонсголын төгсгөлд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй зургаа дахь нэр дэвшигчийн Авирмэдийн Даваасүрэнгийн талаар хэлэлцэж, Р.Сэддорж дарга дэгийн дагуу нэр дэвшигчийг танилцууллаа.
Нэр дэвшигч А.Даваасүрэн нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 61 настай. 1987 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дунд сургууль, 1997 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийг төгссөн. 2001 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийн аспирантурт, 2014 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн докторантурт тус тус суралцжээ. Тэрбээр 1987.09 сараас 1993.12 сар хүртэл Зэвсэгт Хүчний 137 дугаар ангид онгоцны радиолокацийн тоноглолын мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 1993-1995 онд “Титэм” ХХК-ийн захирал; 2002-2004 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт Эдийн засгийн бодлогын зөвлөх; 2004-2005 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимд багш; 2005-2006 онд БХИС-ийн Удирдлага, технологийн дээд сургуулийн захирал; 2006-2007 онд ОБЕГ-ын Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ, улсын нөөц хариуцсан дэд даргаар ажиллажээ. Мөн 2007-2008 онд Авлигатай тэмцэх газарт Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих төсөл”-ийн дэд төсөл “Төрийн албан хаагчын ашиг сонирхлын зөрчлийн менежмент” төслийн үндэсний зөвлөх; 2009-2010 онд МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал; 2011 онд Соёл, урлагийн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан байна. 2013-2016 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх; 2008 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Орос судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд улсад 38 жил ажилласан А.Даваасүрэн нь холбогдох хуульд заасан зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.
Нэр дэвшигч сонсголын дэгийн дагуу өөрийн талаар танилцуулсны дараа сонсголд оролцож буй Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асуух, мөн нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ.
Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэсэн зохицуулалттайг Р.Сэддорж дарга танилцуулав.
Мөн холбогдох тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлж, parliament.mn цахим хуудаст байршуулна гэлээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, томилох шийдвэрийг гаргах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/08/27
Чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа
-
Дэлхий нийтээр..2024/01/11
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно
-
Хэн юу хэлэв...2020/07/01
Г.Занданшатар: Төрөө түших, түмний итгэлийг биелүүлэх журамт үүрэгтээ эзэн нь ба...
-
Үйл явдал2020/10/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
