Тод мэдээ
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалсан бөгөөд эхлээд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгөх төсөл гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотгоод жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж, шинээр 700 гаруй ажлын байр бий болгох эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хэмээсэн.
Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 онд соёрхон баталсан. Төсөл батлагдсанаас хойш 2024 оны жилийн эцсийн байдлаар 268.8 сая ам.долларын эх үүсвэрийг ашиглаад байгаа бөгөөд төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байна гэлээ.
Түүнчлэн тэрбээр, төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 9 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, зээлийн хэлэлцээрийг хийгээд байна. Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг нь үүнд шингээж, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар төсөлд тусгаад байна. Төсөлд энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна гурван нөхцөлийг шинээр тавьсныг онцлов.
Үүнд, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх, төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах, мөн зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2045 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд БНЭУ-ын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгаад байна. Мөн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор орж ирсэн тоног, төхөөрөмжийг төсөл дуусах хүртэл гаалийн түр горимд байршуулах зохицуулалтыг тус хэлэлцээрийн төсөлд тусгасныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа дурдлаа.
Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэв.
Мөн энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн гэдгийг онцлон тэмдэглэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Ганбат, Х.Ганхуяг, Р.Батболд, Г.Хосбаяр нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ч.Анар, Ц.Даваасүрэн нар үг хэлсэн. Гишүүд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа түүхий эдийн тасралтгүй байх нөөцийн бүрдүүлэлт хэр байгаа талаар болон энэ асуудалд бодлогын арга хэмжээ авч буй эсэх, төлөвлөсөн хугацаандаа төсөл хэрэгжиж чадаагүй, ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ бага байгаа шалтгаан нөхцөлийн талаар илүүтэй лавлаж байлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариултдаа, “Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий тос хэрэглэнэ. 2024 оны гүйцэтгэлээр жилдээ 552 мянган тонн түүхий тосыг олборлож экспортод гаргасан бөгөөд зөрүү 950 орчим мянган тонны дутагдал үүснэ. 20213, 2014 онд жилдээ 1.1 сая тонныг экспортод гаргаж байсан. Үүнээс хойш “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаа тодорхой хэмжээнд бууруулсантай холбоотойгоор олборлолт багасан гэдгийг дурдав. Мөн тэрбээр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Монгол Улсын Ерөнхий сайд айлчлах үеэр хоёр тал уулзаж, ярилцан хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэх талаар ярилцсан. Энэ жил 750 мянган тонн түүхий тос экспортлохоор яриа хэлэлцээ хийж байна гэв. Засгийн газраас 6 талбарт хайгуулын талбай зарлаж, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна. “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19, 21 дүгээр талбай дахь геологийн 300 сая тонн нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц 41 сая тонн гэж тогтоогдсоноос бид 10 сая тонныг нь экспортод гаргасан. Одоо 31 сая тонны нөөц бий. Мөн Засгийн газар тус үйлдвэр ашиглалтад орох 38 сарын хугацаанд газрын тосны олборлолт хийж буй бүх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгааг Ц.Туваан сайд хариултдаа онцлоод шаардлагатай 1.5 сая тонн түүхий тос нөөцийг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж байлаа.
Харин Сангийн сайд Б.Жавхлан, “2017 онд БНЭУ-ын Засгийн газраас тэрбум ам.долларын зээл өгөхөө мэдэгдсэн ч, хэрэгжүүлэх төсөл тодорхойгүй байсан. 2018 онд төсөл тодорхой болж, ТЭЗҮ батлагдсан. 2019 оноос уг төсөл EPC-1-ээс эхэлсэн ч 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас төсөл хоёр жил зогссон. 2023 онтой золгоод нэг ч төсөл эхлүүлж чадаагүй байтал зээлийн үндсэн төлбөрийн төлөх хугацаа эхэлсэн тул зээлийн ерөнхий хэлэлцээрт өөрчлөлт оруулахгүй бол төсөл үргэлжлэх боломжгүй болсон. Иймд бид энэтхэгийн талтай зургаан сарын турш яриа, хэлэлцээ хийж, төслийн санхүүжилтыг байгууламж нэг бүрээр EPC-1, 2, 3, 4 зэрэг явуулах, хугацаа тулсан төлбөрийг 7 жилээр хойшлуулж, 2030 он хүртэл сунгаж чадсан" хэмээн хариулж байсан.
Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 32 гишүүнээс 19 нь дэмжлээ.
Дараа нь Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа,“Эрчим хүч-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл” нь Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, эрчим хүчний өндөр ач холбогдолтойг онцлоод Засгийн газрын зүгээс тус төслийн зээлийн хэлэлцээрийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийж, Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг дурдлаа.
Төслийг Дэлхийн банкны 47.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд тус зээл нь СОФР буюу баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй байна. Зээлийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн гэв.
Уг төслийг хэрэгжүүлснээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг хоёр дахин нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудын өргөтгөн, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг саадгүй хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Үргэлжлүүлэн энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн гэдгийг онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийслэлрүү чиглүүлэх нь чухал гээд Улаанбаатар-Багануурыг холбосон хос шугамын шийдлийг энэ хүрээнд хамааруулж болох талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Дэлхийн банкнаас олгож буй урт хугацаатай, хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй хөгжлийн зээл авахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид зээлийн ашиглалтыг сайжруулах хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй 90 орчим төслүүдэд Сангийн яам дахин дүн шинжилгээ хийж, хугацаа уртассан, зээлийн үр ашиг, ач холбогдол нь буурсан төслүүдээ хүчингүй болгох чиглэлд ажиллах, Улсын Их Хуралд энэ талаар танилцуулга хийх шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат зээлийн хүүгийн төлбөр, хугацааны талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар монголын эрчим хүчний угсралтын үндэсний компаниуд чадавхтай болсон ч хөрөнгийн баталгаа, ажиллах үзүүлэлтэд нь нийцдэггүйгээс олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилтийн банкны тендерт орж чаддаггүй. Иймд төсөвт өртөг багатай, үндэсний компаниудаа дэмжсэн бодлогыг хэзээ хэрэгжүүлж эхлэхийг салбарын яамнаас тодруулж байлаа.
Ингээд Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 32 гишүүнээс 20 нь дэмжлээ хэмээн Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2021/12/14
Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2024/11/21
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхи...
-
Тод мэдээ2022/03/31
ЗГ: Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн ...
-
Тод мэдээ2022/06/10
Мэргэжлийн холбоо “Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжл...