Дэлхий нийтээр..
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.
Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийцүүлж тогтоолын төслийн гарчгийг “Засгийн газарт чиглэл өгөх тухай” гэж өөрчлөх, мөн тогтоолын төслийг боловсронгуй болгох чиглэлээр 4 зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын А.Ариунзаяа, Засгийн газрын журмаар төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнүүдийн мэндэлсний 100 болон түүнээс дээш жилийг 50 жилийн давтамжтайгаар тэмдэглэхээр заасан. Гэхдээ энэхүү 50 жилийн давтамжит хугацаа хэт хол байна. Тиймээс Засгийн газарт хугацааг өөрчлөх талаар чиглэл өгөхийг дэмжиж байна. Мөн Ж.Самбуу агсны 130 жилийн ойг тэмдэглэхээр санаачилсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд болон дэмжсэн гишүүдэд талархаж байна гэв. Ийнхүү асуулт, хариулт өндөрлөсний дараа байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Үүний дараа “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдаан үргэлжлэн “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцуулав.
Түүний дараа хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танилцуулсан юм. Тэрбээр, хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Ганбат төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, шинэ техник, тоног төхөөрөмж болон технологи эзэмшсэн боловсон хүчний нөөц хэр байгаа талаар, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, батлах хамгаалах чиглэлээр гадаадын олон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүрээнд хийгддэг хээрийн сургуулилт зэрэг үйл ажиллагааны талаар иргэдэд зөв мэдээлэл, ойлголт өгөхөд хэрхэн анхаарч байгаа талаар асуулт асууж, хариулт авлаа гэв.
Хуулийн төслийн танилцуулга болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, батлан хамгаалах салбарт ирж буй буцалтгүй тусламж хэдий ч зах зээлийн ханш хэд болох вэ, тоног төхөөрөмжийн цаашдын урсгал зардалд тооцоо хийсэн эсэх талаар, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, энэхүү хэлэлцээрт батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх юм байна. Технологи шилжүүлэх гэдэг агуулгыг тодруулахыг хүсэв. Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, батлан хамгаалах салбарын гадаад харилцааны оновчтой бодлого улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн гэдгийг онцлоод орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчнийг бэлтгэх талаар баримталж буй бодлогын талаар асуусан бол УИХ-ын гишүүн Б.Бейсэн хоёр улсын хэлэлцээрийн дагуу манайд нийлүүлэх тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай боловсон хүчинг бэлтгэсэн эсэх талаар асуусан.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хариулахдаа, манайх дэлхийн 39 улстай батлах хамгаалах, таван улстай цэрэг техникийн хамтын ажиллагаатай. Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд зэвсэгт хүчний техник төхөөрөмжийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдрийн ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн суурь дээрээ суурилуулан ашиглаад явах тул нэмэлт зардал гарахгүй. Энэ удаагийн хэлэлцээрээр анх удаа техник, тоног төхөөрөмж хүлээн авч байна. Хоёр талаас санал гаргахгүй бол хэлэлцээр сунгагдаад явна. Хэлэлцээрийн дагуу тоног төхөөрөмжөө дагаад шинэ технологи орж ирэх нь дамжиггүй учраас хэлэлцээрийг ийн нэрлэсэн. Дэлхийн улс орнууд техник, технологийн дэвшлийг ашиглан батлан хамгаалах үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Бид гадаадын улс орнуудад боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарч ажиллаж байна гэв. УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авч дууссаны дараа үргэлжүүлэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, хамгийн их уул уурхайн төсөл хэрэгжиж буй Өмнөговь аймгийн зарим сумдын байгаль орчин сүйдсэн, ажилгүйдэл буураагүй, ундны усны хомсдол нүүрлэсэн зэрэг асуудлууд тулгарсаар байна. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн хөгжил, ард иргэдэд үр өгөөжгүй байна. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн төслөөс орж ирсэн татвараас 1,7 их наяд төгрөгийг татаад авчихаж байна. Бусад аймаг, сумдад уул уурхайн томоохон төслүүдийг үргэжлүүлэхдээ анхаарах талаар саналаа илэрхийлж байв. Мөн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутагт хуваарилахыг гишүүдийн олонх дэмжих хандлагатай байгаад талархаж буйгаа илэрхийлээд уул уурхайтай аймаг, сумдын хөгжлийг дэмжихэд энэхүү татварын тодорхой хувийг үлдээх нь маш чухал гэдгийг онцолж байв. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төсөл батлагдлаа. Мөн “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.
Үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөс эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, мөн уул уурхайн салбараас төвлөрүүлсэн орлогоос хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн бодлогуудыг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эсэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн үндсэн хувь хэмжээг хэвээр үлдээх талаар асуулт асууж, хариулт авлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлүүдийг нэгтгэж өөрчлөн найруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Н.Батнайрамдал, Х.Булгантуяа, А. Ганбаатар, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Үндэсний баялгийн сан болон Хуримтлалын сан байгуулахад Сингапур, Норвеги зэрэг улс орнуудын туршлагыг сайн судалсан. Манайд Хуримтлалын сан тэтгэвэрт, Үндэсний баялгийн сан нь орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулагдахаар тусдаа байна. Хэрэв Үндэсний баялгийн сангийн хуримтлалаа орон сууц, боловсрол зэрэгт зарцуулахгүйгээр зөвхөн тэтгэвэртээ зарцуулах хүсэлтэй ахмад настнууд ямар боломж буй талаар асуув. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн оны 4 дүгээр сард батлагдсан. Түүнээс хойш өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлч гэхэд 480 тэрбум төгрөг хуримтлагдаад иргэн бүрт хадгаламж хэлбэрээр харагдаж байгаа нь том дэвшил. Ирээдүйн өв санг 2030 он хүртэл хадгалаад улмаар хуримтлал үүсгээд иргэнд хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэв.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, 2025 оны төсвийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд 507,1 тэрбум төгрөг төвлөрөхөөр заасан. Энэ хөрөнгө дахин нэмэгдэх боломжтой эсэх, тус сангийн мөнгөө иргэдэд зарцуулах эрхийг хэзээ нээх талаар асуугаад, E-mongolia системд иргэнд хуваарилагдсан мөнгөн дүн харагдаж буй боловч хүүг тодорхой харуулах хэрэгтэй байгаа талаар саналаа илэрхийллээ. Ажлын хэсгээс Засгийн газраас “Хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журам”-ыг баталсан. Энэхүү журмын хүрээнд хуримтлалын нэрийн дансны мөнгийг зарцуулах эрхийг иргэддээ олгоно. Тиймээс хэрхэн зарцуулах иргэдийн хүсэлтийг авах, улмаар сангийн орлогыг улам нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэв. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хурааж, дэмжигдлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2019/08/07
“Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн яармагт оролцох ААН-ийн бүртгэл эхэ...
-
Үйл явдал2023/01/31
“Гайхамшиг үзэгдэл” баримтат киноны нээлт өнөөдөр болно
-
Үйл явдал2021/09/01
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Дэлхий нийтээр..2020/08/01
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа
