Тод мэдээ
“Ирээдүйн хотын иргэд” төслөөр 240 сурагч төрийн байгууллагуудтай танилцаад байна

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгааг хийжээ.
Судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулсан бөгөөд 81.1 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмждэг, бидэнд хэрэгцээтэй хэмээн хариулжээ. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 3 сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ.
Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн 80 сурагч Улаанбаатар хотын зарим байгууллагатай танилцах аялалд оролцоод байна. Сурагчид нийслэлийн Бизнес, инновацын хөгжлийн газрын харьяа HUB төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “Уг төсөлд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жишиг сургууль” төслийн хүрээн дэх 8 сургуулийн 5000 орчим хүүхдийг хамруулж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын нутгийн захиргааны болон үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай сурагчдыг танилцуулж, аялуулах, төр нийгмийн зүтгэлтэн, олон нийтэд нөлөөлөгч хүмүүстэй хийх уулзалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулна. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой” гэлээ.
Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат болох юм.
Мөн ирэх даваа гарагаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС