Тод мэдээ
Ирэх даваа гарагт “10-р хороолол” орчмын айл өрхүүдийг халуун ус, дулаанаар хангана

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдаг. Эдгээр шугам сүлжээний ихэнх 30-60 жилийн насжилттай. Тиймээс шугам сүлжээг өргөтгөн засварлаж, шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Үүний нэг Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамын өргөтгөл өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Иймд ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 30-нд “10 дугаар хороолол” орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгөхөөр төлөвлөжээ.
Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга С.Цэдэнсодномоос тодрууллаа. Тэрбээр “Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугам анх 1983 онд буюу одоогоос 41 жилийн өмнө ашиглалтад орж, түүнээс хойш шинэчлэл хийгээгүй. Эрсдэл ихтэй шугам байсан. Өргөтгөх ажлын хүрээнд 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар шинэчиллээ. Өнөөдрийн байдлаар эхлэл цэгээсээ нөхөн сэргээлтийг хийж, НЗХГ-тай хамтран авто зам, зогсоолын ажлуудыг хийж байна. Авто зам, зогсоол барьснаар ажил бүрэн дуусна. Гол ажлууд дууссан учраас “10 дугаар хороолол” орчмын айл өрхүүдийн ус, дулааны шахалтыг хийж эхэлсэн. Амралтын өдрүүдээр шахалтыг дүүргэснээр есдүгээр сарын 30-нд тухайн байршил орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өгнө” гэдгийг хэллээ.
Дулааны IV цахилгаан станцын гол магистраль шугам болох 11гд шугам нь хотын дулаан хангамжийн 30 хувийг дангаар хангадаг. 41 жилийн хугацаанд их засвар, шинэчлэлд ороогүй учраас элэгдэл, хорогдол ихээхэн үүссэн, зайлшгүй өргөтгөн шинэчлэх шугам байсан юм.
11гд магистралийг өргөтгөснөөр дараах үр дүн гарна.
- Дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэнэ.
- Шинээр 52 Гкал/ц-ийн дулааны хэрэглээ бүхий 12 давхар, 1 орцтой, 80 орчим орон сууцны барилга, 6200 гаруй айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох техникийн боломж бүрдэнэ.
- Хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирна.
- Дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурч, хотын сүлжээний горим, найдвартай ажиллагаа дээшилнэ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2025/06/05
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
-
Тод индэр2020/09/28
С.Мөнхбаяр: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна
-
Тод мэдээ2021/06/17
Ресторан, кафе, хоолны газрын танхимын үйлчилгээг 7 хоногийн хугацаатай хориглов...
-
Өнөөдөр2024/09/04
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна