Тод мэдээ
Нам, эвсэл энэ сарын 12-оос өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-аар нам, эвсэл 2024 оны наймдугаар сарын 12-оос өмнө сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан.
Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана.
-сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр;
-намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
-намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;
-сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;
-энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;
-орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
-намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл.
Эвслийн сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
-сонгуульд оролцох тухай эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;
-эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
-эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;
-эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;
-энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам;
-орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
-эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл;
-эвслийн гэрээний хуулбар;
-эвсэл байгуулах тухай нам тус бүрийн шийдвэр.
Тухайн шатны сонгуулийн хороо баримт бичгийг нягтлан шалгаж, 5 хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэр гаргана.
Улмаар орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 2-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах юм.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2021/11/12
Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөний нөхөн олголтыг энэ сард өгнө
-
Өнөөдөр2022/03/17
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана
-
Тод мэдээ2023/11/22
Хөндлөнгийн үнэлгээний баг Дундговь аймагт ажиллалаа
-
Тод мэдээ2022/02/25
Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ