Дэлхий нийтээр..
БНХАУ руу зорчих, оршин суух иргэдийн анхааралд!
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Консулын газраас сэрэмжлүүлж байна. Үүнд:
Нэг. БНХАУ руу зорчиход анхаарах зүйлс:
- Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, галт зэвсэг, сум, ан амьтны түүхий эд, түүх, дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өндөр байдаг. Иймд, бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах,
- Хил, гаалийн мэдүүлгийн хуудсыг урьдчилан үнэн, зөв бөглөх. Ачаа тээшээ алдаж гээгдүүлэхээс урьдчилан сэргийлж, ачаа тээшиндээ нэр, утсаа тодорхой бичих, таних тэмдэг тавих,
- Согтууруулах төрлийн бүх ундаа, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэрэг тодорхой хязгаарлалттай нэвтрүүлдэг бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг зөвшөөрөгдсөн тоо, хэмжээнээс хэтрүүлэхгүй байх,
- 5,000 ам.доллар болон 20,000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө эсхүл үүнтэй тэнцэх хэмжээний үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх.
Хоёр. БНХАУ-д оршин суух хугацаанд анхаарах зүйлс:
- Суугаа улсын хууль, журмыг даган мөрдөж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, улс, бүс нутгийн соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах. Өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлох,
- Гадаад паспорт болон суугаа улсын виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг шалгах, аливаа шаардлагатай баримт бичгийг хугацаа дуусахаас өмнө сунгуулах, шинээр захиалах. Бусдад дамжуулж ашиглуулахгүй байх. Шаардлагатай үед ашиглах зориулалтаар өөрсдийн баримт бичгүүдийг хуулбарлан авч хадгалах,
- Утасны дугаар болон оршин суугаа хаягаа ар гэртээ мэдэгдэж, байнгын холбоотой байх. Өөрчлөлт орох, удаан хугацаагаар оршин суугаа газраасаа явах тохиолдолд ар гэртээ заавал мэдэгдэх,
- Үл таних хүмүүстэй танилцах, олон нийтийн сүлжээгээр харилцахдаа анхаарал болгоомжтой байх. Цахим худалдаа, арилжаа наймаа хийхдээ баталгаат эх үүсвэрээс мэдээлэл, зөвлөгөө авах зэрэг болно.
Консулын асуудлаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой.
• Бээжинд суугаа ЭСЯ: +861065321203, +8617600787323 beijing@mfa.gov.mn,
• Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262 huhhot@mfa.gov.mn,
• Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261 shanghai@mfa.gov.mn,
• Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299 manjuur@mfa.gov.mn,
• Эрээнд суугаа КГ: +8615647964334 ereen@mfa.gov.mn
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/03/01
5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана
-
Үйл явдал2024/04/22
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
-
Дэлхий нийтээр..2026/04/16
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд...
-
Дэлхий нийтээр..2022/10/21
Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна
