Өнөөдөр
Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Монгол орны уулсын манлай төрийн тахилгат Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.
Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.
Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл бөгөөд байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов.
Байгалийн болон соёлын өв хосолсон дурсгалт газар болох Алтай Таван богд тэргүүтэй Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эрчимтэй өрнөж байгааг сонордууллаа.
Ингэснээр Монгол Алтайн нурууг байгалийн болон соёлын өвийн чухал дурсгалт газар болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах монгол уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Өндөр сүрлэг Алтай Таван богдоо түшин нутаглаж, өлгий сайхан нутгаа хүндлэн дээдэлдэг Баян-Өлгийчүүд их хайрхныхаа хайр хишгийг хүртэж, эв нэгдлээ бататган, ажил үйлсээрээ үлгэрлэж, үеийн үед дэвжин байхын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Лам хуврагууд Буман цагаан судар, Алтай Таван богд хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, үндэсний сурын Улсын мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сумын хошой мэргэн М.Батгэрэлд хүлээлгэн өгч, тус аймгийн Цэнгэл сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.
Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөлөө.
Монгол Улсын дээвэр буюу хамгийн өндөрт өргөгдсөн цэг бол Алтай Таван богд уулсын Хүйтэн оргил юм. Хүйтэн оргил далайн түвшнөөс дээш 4,374 м өндөрт өргөгдсөн. Алтай Таван богдын уулс нь Хүйтэн, Наран, Найрамдал, Малчин, Бүргэд гэсэн оргилтой юм.
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ · Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал |
10.00 |
“Их хуралдай” |
|
· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ |
14.00 |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 19-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст 30 хэмийг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 19-ний 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 20-ноос 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.