Тод мэдээ
Энэ сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дундж 1-5°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд нутгийн хойд хэсгээр бороо, бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2022/03/28
“Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармаг боллоо
-
Тод зураг2019/10/21
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
-
Чөлөөт бүс2019/06/06
Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирлыг хүлээн ...
-
Тод мэдээ2022/11/15
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана