Дэлхий нийтээр..
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн 300 гаруй иргэн, сонгогчтой уулзлаа
Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшиж буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангийн иргэд сонгогчидтой хийх уулзалт өнөөдөр Ховд аймагт үргэлжилж байна.
Тэрбээр энэ удаад Ховд аймгийн Булган суманд ажиллалаа. Улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог Ховд аймгийн Булган суманд 10 000 гаруй иргэн амьдардаг бөгөөд урд хөрштэй хиллэдэг, баруун бүсдээ эдийн засгийн коридорыг бий болгож буй онцлогтой сум. Тиймээс хилийн боомт түшиглэсэн, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хөгжсөн сум юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд баруун бүсэд 984, үүнээс Ховд аймагт 277 хоршоо шинээр байгуулагдаад байгаа ажээ.

Булган суманд болсон иргэд сонгогчдын уулзалтад Ховд аймгийн 14 сумын 300 гаруй малчин, хоршоологч хүрэлцэн ирж, МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, бодлого зорилтыг сонсоод зогсохгүй, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч Д.Амарбаясгалангаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 850 хоршооны 2649 малчин 105 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ховд аймгийн хэмжээнд гэхэд л 10 хувь буюу 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл гарсан байна. Малчдын хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амьжиргаагаа дээшлүүлэх маш том боломж гэж харж буйгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Тэдний хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байна. Цаашид ч МАН “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэн, хоршоолж ажиллахыг дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасанд Ховдчууд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

УИХ-ын сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Амарбаясгалан хоршоологчидтой уулзах үеэр “Шинэ хоршоо бол улстөржих сэдэв биш. Энэ бол малчдын, ард иргэдийн чанартай амьдрах боломж учраас улстөржилтөөс үүдэж гацаах ёсгүй” гэдгийг тодотгоод “Шинэ хоршоо” сонгуулийн дараа улам бүр эрчимжиж, хоршоо хариуцсан тусгайлсан байгууллага байгуулна гэдгийг онцлон мэдээлсэн юм. 2023-2024 оны зуднаар 7.4 сая мал хорогдож, мөнгөн дүнгээр 1.5 их наяд төгрөгийн хохирол амссан. Жил бүрийн зуднаар ийм хэмжээний хохирол амсвал цаашид мал аж ахуйн салбар үгүй болж, алс хязгаар нутгаа сахин хамгаалж буй малчид гэж байхгүй болно. Тиймээс яг энэ цаг үед шинэчлэл хийхээр зорьсон нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн юм.

Нийт 193 мянган малчнаас 41 мянга нь хоршооны гишүүн болоод байгаа нь малчид хоршиж ажиллах цаг болсныг ойлгож эхэлснийг харуулсан бодит үзүүлэлт болж байна. Баруун бүсэд 111 300 тн мах, 4 сая ширхэг арьс шир, 148 700 литр сүү боловсруулах, 8800 тн ноос ноолуур бэлтгэх нөөц тус бүр бий. “Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, эдгээр нөөц боломжоо хангалттай ашигласнаар баруун бүс нутаг мал аж ахуйн салбараараа эдийн засгийн өсөлтөө бий болгох бүрэн боломжтой.




Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/03/27
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв техникийн хүчин чадлаараа бүрэн ажиллаж ...
-
Дэлхий нийтээр..2022/11/07
“Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа&rd...
-
Тод зураг2019/10/01
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
-
Үйл явдал2024/12/19
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно
