Дэлхий нийтээр..
Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг Орхончууд дэмжиж байна
Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг дэмжиж, ээлжит сонгуульд багаар нь сонгохоо Орхон аймгийн иргэд сонгогчид хэлж байна. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орхончуудтай уулзах үеэр парламентын ардчиллыг авч үлдэхийн тулд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүрлэсэн авлига, хулгайг цэгцлэх, нийгмийн ижил тэгш гараанаас гарах боломж бүрдүүлэхийн тулд Монгол Ардын намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдгийг тэд онцолж байв.
Шударга ёсны тэмцлийн үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эргүүлэн авч чадсан. Тус үйлдвэр 2023 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ түүхэн амжилт тогтоон дөрвөн их наяд гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Мөн 3,000 тонн зэсийн баяжмал Монголын хөрөнгийн биржээр нээлттэй, ил тод дуудлага худалдаагаар арилжиж, тендерийн шахааг арилгаад байна.
Энэ удаагийн сонгуульд Ард түмэн ялах уу, хилийн чанадаас ажиглаж буй бүлэглэл ялах уу гэдэг сонголт байх болно. Бүлэглэлээс ард түмэн илүү хүчтэй гэдгийг харуулахын тулд УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Л.Мөнхбаатар, Д.Үүрийнтуяа, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярмагнай, Д.Батлут нарыг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд эрдэнэтчүүдээс хүслээ.

Мөн тэрбээр “Монгол Ардын нам нэг ч УИХ, Засгийн газрын гишүүнийг жагсаалтаар нэр дэвшүүлээгүй. Тэр ч агуулгаар миний бие намын жагсаалтын ард нуугдалгүй тойрогт өрсөлдөж байна. Парламент бол дарга нарын цуглуулга биш учраас нийгмийн төлөөлөл, инженер, мэргэжлийн экспертүүдийг намынхаа жагсаалтад оруулсан” гэлээ.
Орхон аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 376.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд орон сууцжуулах төслийн хүрээнд Уртын гол багт 5 блок бүхий 260 айлын орон сууцны барилгын ажил хийгдэж, эхнээсээ ашиглалтад орсон. Шинээр цэцэрлэг 2, сургууль 1, спорт заал 1, цэцэрлэгийн өргөтгөл нэгийг ашиглалтад оруулаад байна. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд Зэс баяжуулах үйлдвэр байгуулах хүрээнд Зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэж, гүйцэтгэл нь дуусах шатандаа явж байгаа юм.


“Ардчилал бол Стратегийн ордуудыг төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш. Ардчилал бол ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс нь Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өөрсдөө хууль бусаар хувьчлан авах дээрэм бүр ч биш. Тиймээс албан тушаалд нүдээ сохолж, амин хувийн шуналаар үнэт зүйлээ худалдаж, ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан нөхдүүдэд ард түмэн хүчтэй гэдгээ нотолж, сонголтоо хийгээрэй гэдгийг Ерөнхий сайд орхончуудад захилаа.





Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Тод зураг2020/05/19
Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сарын 10 хүртэл аялаж зугаалахыг хориглов
-
Үйл явдал2024/09/16
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж б...
-
Дэлхий нийтээр..2020/10/12
Г.Занданшатар: Иргэд 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно
-
Үйл явдал2025/04/22
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
