Тод мэдээ
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.06.18/ эмч нарын төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа. “Эрүүл мэнд-Шинэ сэргэлт” сэдэвт уг уулзалтад МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан болон МАН-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж буй эрүүл мэндийн салбарын төлөөлөл болох АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа, Улсын ll төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн координатор, зөвлөх эмч Ч.Энхболд, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар оролцож, эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулсан юм.
Уулзалтын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд эмч нар цар тахлыг даван туулж 40 орчим мянган хүний амь насыг аварч чадсан. Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс 1.5 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалж чадсан. Эмч нарынхаа ачаар экспортыг нээж, Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарч чадсан. Эмч нартаа баярлалаа” хэмээгээд “Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар бүрийн дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна. Эдийн засгийн өсөлтийг, нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй чиглүүлэх үүднээс намын жагсаалтыг мэргэжлийн экспертүүдээс бүрдүүлэх зарчмыг баримталж ажиллалаа. Эмч нарын төлөөлөл Харвардын Нийгмийн эрүүл мэндийн ухааны их сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа докторыг Монголын парламентад хүчтэй дуу хоолой болж чадна гэдэгт итгэж нэр дэвшүүлж байна. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Улсын ll төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн координатор, зөвлөх эмч Ч.Энхболд жагсаалтаар нэр дэвшиж байна. Мөн тойрогт Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан, А.Цогцэцэг, С.Энхболд нарын олон сайн эмчийг нэр дэвшүүлж байна. Тиймээс та бүхэн эрүүл мэндийн салбарынханд Монголын парламентын үүд хаалга нээлттэй байх энэхүү боломжийг дэмжихийг хүсье” хэмээв.
“Эрүүл мэнд-Шинэ сэргэлт” уулзалтын үеэр эмч мэргэжилтнүүдийн төлөөллөөс салбарын болон нийгмийн эрүүл мэндтэй холбоотой асуултуудад хариулт авсан юм. Тухайлбал,
-Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан:
-Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа хоёр зүйлд анхаарсан. Нэгдүгээрт, цар тахлын хүнд үед ажилласан. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг түргэтгэхэд чиглэж ажилласан. Ковидын үед эрүүл мэндийн салбарынхан эрсдэлтэй нөхцөлд ажилласан. Яг халдвартай хүмүүстэй тулж ажилласан эмнэлгийн ажилтнуудад нэмэлт урамшууллыг өндөр тооцож өгсөн. Ковидыг хүн хүчний дутагдалд орохгүйгээр даван туулсан гавьяа гүйцэтгэлийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой. Салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх ажлууд шат дараатай хийгдсэн. Эрүүл мэндийн салбарынхан ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр явах ёстой. Тиймээс гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн. Ингэснээр салбарынхан сайн ажиллах тусмаа цалин урамшуулал илүү авах боломж бүрдсэн. Үр дүнд нь үйлчлүүлсэн ард иргэд сэтгэл ханамжтай, эрүүл мэндийн салбарынхан ч сэтгэл ханамжтай байх боломж бүрдсэн. Эрүүл мэндийн байгууллагууд санхүү мөнгөнийхөө асуудлыг шийддэг хагас бие даасан тогтолцоо руу орох боломжтой болсон. Гэхдээ энэ ажил хангалттай хэмжээнд биеллээ олохгүй байна. Мэдээж олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарт ногдож байгаа төсөв хүрэлцэхгүй байна. Цаашдаа ДНБ-ий тодорхой хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болвол асуудал бүрэн шийдэгдэх боломж бүрдэнэ. Мөн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр анхаарч ажилласан. Энэ хүрээнд өвчин тусахгүй байх, өвчний шалтгааныг арилгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг сайржруулах чиглэлээр анхаарч ажиллалаа.
-УИХ-аар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулиар ямар асуудлуудыг шийдэж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-2020-2024 оны парламент анагаахын шинжлэх ухааны хамгийн сүүлийн технологийг нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх зорилгыг биелүүлэхийн төлөө ажилласан. Эрдэнэсийн сангийн ногдол ашгийг хамгийн түрүүнд эрүүл мэнд, боловсролд зарцуулахаар болсон. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 2 их наяд төгрөгийг ард иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулдаг боллоо. УИХ-аас эмийн сонсголыг зохион байгуулж эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн бусармаг асуудлуудыг уудалж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадсан. 2024.10.01-нээс хэрэгжиж эхлэх энэ хуулиар бүх хулгайн үүд хаалгыг хаасан. Өнөөдөр гүйцэтгэлийн санхүүжилтээр авах ёстой эмнэлгүүдийн өгөөжийг эм, эмийн хэрэгслийг хэд дахин нугалж зардаг нөхдүүдэд өгч байгаа явдлыг шийдэж өгсөн. Бидэнд муу антибиотик олдож байгаа учраас долоохон хоногт эмчлэх өвчнийг 21 хоног эмчилж байна. Эндээс үүдэн эмнэлгүүд асаргаа сувилгаандаа хамаг төсвөө зарцуулж байна. Сайн чанартай эмээр эмчилгээ үйлчилгээ явуулмаар байна. Тиймээс эмийн сонсголоор чанаргүй эмийг шагийн үнээр зардаг явдлыг хориглосон.
-Эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлыг засаж залруулах бодлого шийдвэрийн талаар Таны санал?

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа:
-Би ажлын гараагаа асрагчаар эхэлж байсан. Монголд Цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажиллаж байв. Дараа нь Америкийн эмнэлэгт ажиллаж байлаа. Монголд сүүлийн 20 жил тасралтгүй эрүүл мэндийн салбарт эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хийж ирсэн. Манай салбарт тулгарч байгаа нэгдсэн бодлогыг зангидахын тулд бодитой зөв мэдээлэл хэрэгтэй байна. Бидэнд сүүлийн 30 жил цуглуулсан мэдээлэл бий. Гэхдээ энэ мэдээлэл яг үнэн үү? Мэдээлэл үнэн, зөв эсэхээс хамаарч олон асуудал шийдэгдэнэ. Миний туршлагаар бодитой үнэн зөв мэдээллийг цуглуулах судалгааг бид сайтар хийх хэрэгтэй. Тэр судалгаанд салбар бүрийн оролцоог хангаж, бодлогоо тодорхойлох ёстой. Эрүүл мэндийн салбар бусад салбартайгаа хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ.



Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод зураг2019/10/02
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
-
Өнөөдөр2022/03/04
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана
-
Тод мэдээ2021/06/28
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” б...
-
Өнөөдөр2019/11/13
Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгчийг хүлээн а...