Дэлхий нийтээр..
Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр /2021.07.31/ газар дээр нь ажиллалаа. Тус гарааш чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийнхан онцолж байлаа. Түүнчлэн наймдугаар сарын 10-н гэхэд ажил бүрэн дуусах юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажил хавраас эхэлсэн. 17 дугаар хороонд 132 гарааш чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсан газрыг цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн. Түүнчлэн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байгаа. Дүүргийн 12-17 дугаар хороо буюу “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий. Газрын албанаа холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг хадгалж өгөхийг хүссэн. 132 гарааш чөлөөлсөн газрын бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа дээрх иргэдтэй уулзаж, санал авна. Зураг төсөл, ажлын даалгавар бэлэн болсон ч иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” хэмээн ярив.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцолж байлаа. Тэрбээр мөн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Цаашид энэ ажлыг идэвхжүүлнэ. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа асуудлыг шийдэж, иргэдтэй ээлтэй хотыг бий болгохын төлөө ажиллана. Хот нэг стандарт, нэг дүрэм журамтай байх ёстой” хэмээн ярилаа.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
