Тод мэдээ
“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг баталсан.
Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөх үйлчилгээнд 50 хүртэл ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны тоо харгалзахгүйгээр хүсэлтийг үндэслэн хамруулна. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага 2 жилд нэгээс илүүгүй удаа хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд, ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад жилд хоёроос илүүгүй хамрагдах эрхтэй.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллага, төрийн бус байгууллагыг хөтөлбөрийн хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээний арга хэмжээнд хамруулахгүй бөгөөд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөгч нь Монгол Улсын иргэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн харилцааны дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ:
-Хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журам, ажилтны мэдээлэл авах, хадгалах, ашиглах журам зэрэг дотоод хэм хэмжээг боловсруулах;
-Хөдөлмөрийн гэрээ, түүний төрөл, хэлбэр, хэрэглээ, хөдөлмөрийн маргаан зохицуулах;
-Цалин хөлс, үндсэн болон нэмэгдэл, нэмэгдэл хөлс тооцох;
-Ажил, амралтын цагийн зохицуулах;
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөх;
-Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэглээний талаар ажил олгогчдод мэргэжлийн зөвлөх үйлчилгээ;
-Хөдөлмөрийн харилцааны бусад асуудал зэрэг болно.
Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хөтөлбөрийн 2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь харьяалах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүсэлт гарган хамрагдах боломжтой юм.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС