Тод мэдээ
УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа

Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр дөрөвдүгээр сарын 16-наас нэг сарын хугацаатай суралцаж, өнөөдөр сертификатаа гардлаа.
УНТЭ-т суралцсан эмч нарын багт Красноярск мужийн эмнэлгийн П.Соболев, М.Цокаев, А.Скуратов, Е.Потылицина нар багтсан бөгөөд тэд элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна элэг цөсний замын мэс заслын чиглэлээр УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм.
УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал Оросын эмч нарт сертификат гардуулах үеэр урьд нь бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж буйд баяртай байна гээд “Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр танилцуулсан статистик мэдээлэлд манай улс элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан. Энэ нь гадны эмч мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх. Цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.
Сургалтад хамрагдсан эмч нарын зүгээс нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монгол эмч нарыг өөрийн нутагтаа зочлохыг урьсан. Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадны эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэгт сургасан анхны тохиолдол бөгөөд цаашид бусад улс орны эмч мэргэжилтнийг эх орондоо сургаж туршлага хуваалцахад бэлэн байгаа юм.
УНТЭ-т 2011 оноос элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн бөгөөд 2014 оноос монгол эмч нар бие даан энэхүү мэс засал эмчилгээг амжилттай хийж буй юм.
Энэ хугацаанд 260 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна.
Түүнчлэн ОХУ-ын Буриад улсаас эмч мэргэжилтнүүдээ манайд сургах хүсэлтээ ирүүлсний дагуу сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС