Дэлхий нийтээр..
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн удирдлагууд болон Баянгол дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд "Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчит болгох саналыг хотын даргад хүргүүлээд буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрин хороолол орчимд 11000 иргэн оршин суудаг. Гэсэн хэдий ч уг байршилд төрийн өмчийн сургууль байхгүй. Иймээс оршин суудаг хүүхдүүдийн ихэнх хувь нь замын цаана нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор” сургууль болон 10-р хорооллын “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулиудад хол очин суралцдаг. Тухайн бүсэд байгаа хувийн хэвшлийн сургуулийг төрийн өмчид авах гэрээ хийгдвэл олон хүүхдүүд болон эцэг эх хол явах шаардлагагүй болно” хэмээлээ.
Түүнчлэн сургууль цэцэрлэгийн байгууламж байхгүй Хархорин, Өнөр хороолол, Эрин хороололд амьдарч буй сургуулийн насны 3900 хүүхдүүдийн асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээр хийж шийдэл гаргахаа хотын дарга онцоллоо.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Улаанбаатар хотын хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал 2020 онд хүнд байсан. Нэг ангид 50-60 хүүхэд суралцаж, өдрийн гурван ээлжээр хичээллэдэг байсан. Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13 сургууль, 13 цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Зарим сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Уг Эрин сургуулийн асуудлыг бүрэн шийдэж төрийн өмчит болговол Баянгол дүүргийн бүх хороо сургууль, цэцэрлэгтэй болно. Ингэснээр бид үнэгүй чанартай боловсролыг олгож чадна’ гэв.

“Эрин интернэшнл ХХК”-ийн дэд захирал Д.Даваасүрэн “Эрин хорооллыг 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сургууль төлөвлөх хүсэлт тавьсний дагуу бид төлөвлөж улсын хөрөнгөөр бариулах хүсэлт удаа дараа тавьсан боловч 2019 онд олон улсын сургууль болох зорилоготойгоор Япон Улсын хөрөнгө оруулалттайгаар байгуудагдсан. Одоо хувийн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа. 960 хүүхэд нэг дор хүлээн авах хүчин чадалтай, бүх анги тэнхимийн лаборатори нь орчин үеийн багаж хэрэгслээр тоногдлогдсон хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартаар бүрэн стандартын дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдийн сурах таатай орчин нөхцлийг бүрэн хангасан” гэж хэлэв. Мөн тэрбээр сургуулийг төрийн өмчит болох асуудалд аж ахуйн нэгж хоорондын гэрээний дагуу үнэ тохиролцож ширээний ард ярилцахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2020/05/19
Та Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авахын тулд...
-
Үйл явдал2022/08/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
Хэн юу хэлэв...2021/08/31
Я.Эрдэнэсайхан: Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний танилцуулгаа ирүүлэхийг ...
-
Үйл явдал2021/02/14
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
