Тод индэр
С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд:
- Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна
- Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд олгох эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох,
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ
- Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмж
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг журам хэрэгжсэнээр иргэд эх орондоо оношлуулж, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээс гадна иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад учрах санхүүгийн дарамтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцолсон. Тэрбээр “Өнөөдөр батлагдсан журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдэх юм.
Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө 5,0 хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20,0 хувь, хүүхдийн эмчилгээний зардлын 50,0 хувийг буцаан олгох боломж бүрдсэн” гэсэн юм.
Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс олгодог болгох зохицуулалтыг тус журмаар анх удаа шийдвэрлэж байгаа юм.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.