Тод мэдээ
Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.
Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.
Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн.
Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.
Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.
Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.
Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тод мэдээ
Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 18 аймгийн 68 санал авах байрын байршилд 2025 оны зургаадугаар сарын 18-ны өдөр нэгэн зэрэг шалган туршлаа.
Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй болдог. Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавьсан юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт болно.
Тод мэдээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ.
Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2021/06/11
Засгийн газар Хөшигийн хөндийд "Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс" бай...
-
Тод мэдээ2022/02/11
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байна
-
Тод мэдээ2022/11/14
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч авлигалын эсрэг өргөн хүрээтэй шинэчлэл хийнэ
-
Өнөөдөр2020/05/26
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ