Тод индэр
П.Сайнзориг: 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрбээр:
-Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхээр болсон. Жишээ нь, явган хүний замын стандарт байна. Жилийн дөрвөн улиралтай хэрнээ явган хүний замын хавтан нь гялгар, өвөл халтиргаа гулгаа их үүсгэдэг. Тиймээс үүнийг аюулгүй болгох, явган хүний замын стандартыг сайжруулах асуудал тулгарч байна. Мөн барилгыг улсын комисс хүлээж авах үйл явцын талаар хэлэлцлээ. Цаашид барилгыг улсын комисс хүлээж авах үйл ажиллагааг түргэн, шуурхай, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох хэрэгтэй байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийн үр дүнг үнэлж, барилгажилттай холбоотой аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг шийдэхээс гадна ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хууль, дүрэм, журмуудын эерэг, сөрөг нөлөөллийг үнэлж, цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэг шийдлийг эрэлхийлнэ. Холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гаргаж, эхний саналуудыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, хаврын чуулган гэхэд хуулийн төслүүдийг боловсруулж ажиллахаар боллоо.
Түүнчлэн худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчдөг, тендер сонгон шалгаруулалтад шалгарчихаад гэрээний үүргээ биелүүлдэггүй, хаяад явчихдаг 31 байгууллагыг хар жагсаалтад оруулах саналаа холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болсон. Цаашид тендер худалдан авалтад үүргээ биелүүлэхгүй хэрнээ дараагийн тендерт оролцоод, шалгараад байдаг байдлыг таслан зогсооно. Ингэж байж нийслэл Улаанбаатар хотын иргэдийн бүрдүүлж байгаа татвараар бүтээн байгуулах гэж буй хөрөнгийг үр ашигтай зарцуулж, тендер сонгон шалгаруулалтыг хариуцлагатай болгоно. Эдгээр аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ.
-Тендерт шалгараад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна гэлээ. Хуучин автобус нийлүүлсэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хэрхэж байгаа вэ?
-“Тэнүүн-Огоо” ХХК-ийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа холбогдох шийдвэрийг хүргүүлнэ. Цаашид нийслэлийн худалдан авах ажиллагааг барилгын ажил эхлэхээс өмнө зарлаж, хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулдаг болно. Аливаа бүтээн байгуулалтыг он дамжин хэрэгжүүлж, улмаар барилгын материал, ажиллах хүчний үнэ нэмэгддэг, тэр хэрээр төсвөөс мөнгө нэхдэг байдлыг цаашид гаргуулахгүй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.