Тод мэдээ
ЗГ: Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс Улсын Их Хурал нийт 318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 111 байгууллагын 2357шийдвэр бүртгэлтэй, харин хуулиар тусгайлан эрх олгосон боловч шийдвэр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй 850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна.
Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу хуульд нийцүүлэхээр ажиллагаа хийгдэж байна гэсэн хариу ирүүлсэн шийдвэрүүдийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор боллоо.
Хуулиар Засгийн газарт эрх олгосон 642, төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон 919, төрийн захиргааны байгууллагад эрх олгосон 258 заалтыг тус бүр хоёр дахин бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС