Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус улсын нийслэл Вьентьян хотноо хүрэлцэн очлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Тод мэдээ
Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТЭЗҮ-г баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүс техник эдийн засгийн үндэслэлийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эко аж үйлдвэрийн паркийн захирал Б.Мягмар танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд арьс ширний экспортын үнэ, хэмжээ буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь түүхий эдийн чанар муу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт бага, аж үйлдвэрийн төвлөрсөн дэд бүтэц байхгүй, чадварлаг боловсон хүчин дутмаг зэрэг шалтгаанаас үүдэлтэй” хэмээв. Тиймээс арьс ширний боловсруулалтад хөгжингүй технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, татварын дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгтэй гэв. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн хугацаа 2025-2039 он хүртэл 15 жил үргэлжлэх бөгөөд барилга угсралт 3 жил үргэлжлэх аж. “Эмээлт” паркийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасаж, арьс ширний экспортын эзлэх хувь, хэмжээ өснө. Экспортын үнийн хувьд 2022 онд нэг арьс 2 ам.доллар байсан нь 2039 онд 8 ам.доллар болж өснө. Ингэснээр 2022 онд 5 сая ам.доллар байсан орлого 2039 онд 38 сая ам.доллар болно. Эмээлт эко аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор арьс ширний үйлдвэрүүдийг тус бүс рүү нүүлгэж, төвлөрлийг сааруулан, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байр бий болгох зэргээр хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХХК-ийн захирал Б.Мягмар онцлов.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Маш олон хүний оролцоотойгоор, бүр тодруулбал, үе үеийн ИТХ, Засаг дарга, тус паркийн удирдаж байсан хүний идэвх зүтгэлээр энэ ТЭЗҮ батлагдлаа. Энэ хооронд хугацаа алдах шалтгаан байсан нь коронавируст цар тахал. Ковидын дараа эдийн засгийг сэргээх дэмжлэгийг өгсөн олон улсын байгууллагуудад Нийслэлийн ИТХ талархал илэрхийлэх нь зөв юм” гэлээ. Улмаар тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүс техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Тод мэдээ
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Таван богд группын уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто замын ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтыг хийж гүйцэтгэх юм байна.
Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна.
Иймд иргэд, жолооч та бүхэнд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас зөвлөлөө.
Тод мэдээ
Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын өнөөгийн хөгжил, цаашдын хөгжлийн бодлогын талаар танилцуулав.
Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотыг иргэдэд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн эрүүл аюулгүй, сайн засаглалтай, эдийн засгийн чадамжтай, бизнесийн таатай орчныг хотод бүрдүүлнэ. Мөн Куба улсын үндэсний баатар Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуулийн гаднах талбайг стандартын дагуу тохижуулна" гэдгийг онцлов.
Нийслэл хот болон Куба улс цаашид эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов.
Сэтгэгдэл