Дэлхий нийтээр..
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн чуулган үргэлжилж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулганы үеэр Бүсийн захирлыг сонгох сонгуулийг аравдугаар сарын 17-нд зохион байгууллаа.
Бүсийн захирлын албан тушаалд БНХАУ, БНСВУ, Филиппин Улс, Соломоны Арлууд болон Тонгагийн Хаант улсаас нийт таван эрхэм нэр дэвшсэн. Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, гишүүн улс орнуудаас ирсэн төлөөлөгчдийн асуултад хариуллаа.
Сонгуулийн үйл ажиллагаа бүтэн өдрийн турш үргэлжилж, санал хураалтын нэгдсэн дүнгээр Тонгагийн Хаант Улсын Эрүүл мэндийн сайд Др.Саиа Ма’у Пиукала Бүсийн захирлын сонгуульд ялалт байгууллаа. Сонгуульд олонхийн санал авсан ялагчийг Номхон далайн баруун бүсийн хорооноос ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулж, нэр дэвшүүлэх ба улмаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд баталснаар ДЭМБ-ын Ерөнхий захирал томилдог. Шинээр томилогдох Бүсийн захирал 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулганы гуравдахь өдрийн нэгдсэн хуралдаанаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын стратегийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа оролцож, Шинэ болон сэргэж буй халдвар, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын Ази, Номхон далайн стратегийн өнгөрсөн 20 шахам жилийн хэрэгжилт, Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн үндсэн чадавхыг бий болгож бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулж, шинээр батлагдах стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангахад Бүсийн төвөөс гишүүн улс орнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Энэ өдөр төлөөлөгчид ДЭМБ-ын Төв штабын Хүний нөөцийн хөгжлийн газрын захирал Др.Жим Кампбелл болон Номхон далайн баруун бүсийн төвийн хүний нөөцийн асуудал хариуцсан холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь хүний нөөц, ажиллах хүчний талаар мэдээлэл өгч, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, ДЭМБ-аас тодорхой чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг авах талаар ярилцаж тохиролцлоо.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/10/31
Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чи...
-
Тод зураг2020/07/30
"Гангарахад гархи ч нэмэр болно..."
-
Дэлхий нийтээр..2021/05/14
Л.Оюун-Эрдэнэ: Сэлэнгэ, Дарханыг Уул уурхайн эдийн засгийг орлохуйц мал, аж ахуй...
-
Үйл явдал2023/07/07
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын өнөөдөр эцэслэн батална
