Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ноос ирээдүй” болон “Арьс ирээдүй” ХХК, “Өв эко мийт” орон нутгийн өмчит үйлдвэртэй танилцлаа. Өвөрхангай аймагт төрөлжин хөгжих хамгийн боломжит салбар нь мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэр. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана. Эхний ээлжинд тус аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө, орон нутагт томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй. Уулзалтын үеэр малын түүхий эдийн үнэ унасан, түүхий эд боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргахад төр бодлогоор анхаарах шаардлагатай гэсэн саналыг малчид хэлж буй.
“Шинэ сэргэлт”-ийн “Таван цагираг” хөтөлбөрбол 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт юм гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайд танилцуулж байгаа юм.

Өвөрхангай аймагт дээрх гурван үйлдвэртэй танилцах үеэрээ Ерөнхий сайдЛ.Оюун-Эрдэнэ “Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг Засгийн газар бодлогоор дэмжиж төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтрах бодлогоо зарлаад ажиллаж байна. Өвөрхангай аймаг Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь аймагтай хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болон оршиж буй томоохон суурин.
Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Замын-Үүдтэй, мөн Өмнөговь аймагтай, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай автозамаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болох бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүсийг бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эхний ээлжинд таван бүсэд, таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын амьдралд бодит орлого болж очно гэсэн хувилбар дээр Засгийн газар судалгаа хийж явна” гэж ярилаа.

"Ноос ирээдүй” ХХК 2013 онд Өвөрхангай аймгийн төвд салбараа байгуулжээ. Жилд 3000-4000 тн ноос, ноолуур боловсруулдаг, 150 гаруй ажилчинтай гэж үйлдвэрийн удирдлага танилцууллаа.
Үйлдвэр ноос угаах, самнах, эсгий туурга болон оёдлын цехтэй, самнасан ноос, эсгий, аяны болон энгийн хөнжил, олбог, гадуур хүрэм үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Бүтээгдэхүүний чанарыг шалгах, хянах бүх төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд бүтээгдэхүүнд стандарт, хэмжил зүйн үндэсний тохирлын гэрчилгээ авчээ.
Түүхий эдээ орон нутгийн болон баруун аймгуудын малчдаас худалдан авч агуулахад хадгалж, үйлдвэрийн дамжлага руу оруулж байна. Ялгах, самнах, угаах, эсгий туурганы цехтэй. Угаах цехээс гарсан лаг шаврыг ашиглан барилгын материал, үйлдвэрлэн дотооддоо ашиглаж байна.

“Ноос ирээдүй” ХХК нь 2021 онд “Арьс ирээдүй” ХХК-ийг байгуулсан. Жилд нэг сая арьс, ширэнд анхан шатны болон гүн боловсруулалт хийх хүчин чадалтай үйлдвэр. Үйлдвэрийн дэргэд хоногт 400-500 тн ус цэвэрлэх байгууламж барьж 100 орчим ажлын байр бий болгожээ. Тус үйлдвэр нь орон нутгийн иргэдээс болон зэргэлдээх аймгуудаас бог, бодын арьс, ширийг Улаанбаатарын ханшаар худалдан авдаг байна.

"Өв эко мийт” үйлдвэр 2009 онд ашиглалтад орсон, Архангай, Өвөрхангай, Завхан, Булган, Дундговь, Говь-Алтай, Ховд зэрэг аймгаас мал, мах бэлтгэдэг, хоногт 1000-1200 бог, 250-300 бод мал төхөөрөх хүчин чадалтай, 90 ажилчинтай. Бүтээгдэхүүнээдотоодын зах зээл болон Хятад, Иран зэрэг улсад экспортод гаргадаг, энэ онд Иран улсад 100-150 мянган хонины мах нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж буй ажээ.


Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Дэлхий нийтээр..2023/01/19
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэ...
-
Дэлхий нийтээр..2020/09/03
Нийгмийн сүлжээн дэх луйвар
-
Үйл явдал2021/01/20
ШУУРХАЙ МЭДЭЭ: Сайд Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгнө
-
Дэлхий нийтээр..2021/05/11
Засгийн газар төрийн 516 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгээд байна
