Дэлхий нийтээр..
Нийгмийн сүлжээн дэх луйвар
Интернет ертөнцийг ашиглан олон байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн цахим орчинг бүрдүүлж, бизнесийн нэг талбар болгож, иргэд олон нийт зардал чирэгдэлгүйгээр түргэн шуурхай ажлаа амжуулж, онлайн хэрэгслүүдийнг өдөр тутмын хэрэглээ, амьдралын нэг хэсгээ болгожээ.
Цахим орчин дахь Facebook, Twitter, Instagram зэрэг нийгмийн сүлжээ нь бидэнд олон төрлийн боломж олгодгийн адил нөгөө талаар залилан, луйвар хийх нөхцлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэлд ашиглагдаж байна. Онлайн луйврыг маш олон аргаар үйлдэж байгаа бөгөөд түгээмэл тохиолдох аргуудаас дурдвал:
Хуурамч холбоос – Олон нийтийн анхаарлыг татахуйц сэдэвт мэдээ, үнэгүй бэлэг өгөх, азтан боллоо гэх мэт утга агуулга бүхий мэдээлэл нийтлэх эсхүл хувийн чатаар илгээх болно. Уг холбоос дээр дарснаар хортой код компьютер болон гар утсанд суух боломжтой эсхүл дахин Facebook аккаунт, и-мэйл хаяг руугаа нэвтрэхийг сануулж, улмаар нэвтрэх мэдээллийг олзолдог.
Хуурамч аккаунт – Хүний профайл зургийг ашиглан, түүний нэрээр шинэ аккаунт нээж, найзууд руу нь хүсэлт илгээн, тухайн хүний өмнөөс мөнгө санхүүгийн тусламж гуйж, санхүүгийн залилан үйлддэг. Нөгөө талаас гэмт этгээдийн хуурамч аккаунтаар түүнтэй санамсаргүй найз болсноор танд итгэл үнэмшил төрүүлж, дотны найзууд мэт дүр эсгэн, таны хувийн мэдээлэл, зураг зэргийг авч улмаар тэдгээрийг барьцаалж сүрдүүлэх, олон нийтэд дэлгэнэ хэмээн айлгаж дарамталдаг;
Сугалааны луйвар – Сугалааны луйврыг ихэнхдээ олон нийтэд танил байгууллагуудын нэрээр аккаунт үүсгэн хүмүүст сугалаанд хожсон тул бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлж шагналаа авах боломжтой талаар мэдэгдэх бөгөөд банкны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллээ ирүүлэхийг хүсдэг;
Зээлийн луйвар – Зээлийн луйварчид нь хувийн чатаар мессеж илгээж, бага хэмжээний урьдчилгаа төлбөр хийгээд бага хүүтэй шуурхай зээл санал болгодог;
Дээрх аюул заналд өртөж, хохирогч болохоос сэргийлж, дараах аюулгүй байдлын зөвлөмжийг хүргэж байна.
- Нийгмийн сүлжээн дэх нэвтрэх нэр, нууц үгийг хэнд ч бүү өг;
- Нууц үгийг үүсгэхдээ төрсөн огноо зэрэг бусдын таамаглахуйц бус тоо, тэмдэгт, том, жижиг үсэг ашиглан хүчтэй нууц үг үүсгэх
- Хувийн аккаунтдаа 2 талт баталгаажуулалт тохируулах;
- Үл таних нэгнээс ирэх найзын хүсэлтийг нягталж, баталгаатай хүсэлтийг хүлээн авах;
- И-мэйл болон хувийн чатаар ирэх үг, үсэг болон дүрмийн алдаатай, сэжигтэй мэдээлэл, холбоос дээр дарахгүй байх;
- Нийгмийн сүлжээгээр ирж буй санхүүгийн болон бусад сэжигтэй хүсэлтүүдийг шаардлагатай бол утсаар болон бусад сувгаар холбогдож лавлаж, баталгаажуулах;
- Пост, зураг, байршил зэрэг хувийн мэдээллээ зөвхөн найзууддаа харагддаг байдлаар тохируулах зэрэг тохиргоог хийж нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдлаа хангана уу. Эс бөгөөс эдгээр нь гэмт этгээдүүдэд мэдээллийн эх сурвалж болж өгдөг;
- Хохирогч болсон тохиолдолд цаг алдалгүй холбогдох хуулийн байгууллагад хандаарай

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/04/08
Увсын Давст суманд 18 см цасан бүрхүүл тогтсон байна
-
Үйл явдал2020/04/23
Улс төрийн 5 нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2021/08/23
Ж.Мөнхбат: Жендэрийн тэгш байдал нь хүний үндсэн эрх бөгөөд Монгол Улсын хөгжлий...
-
Үйл явдал2020/04/24
МҮОНРТ-ийн 2019 оны үйл ажиллагааны хураангуй тайлан
