Тод мэдээ
Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын байгууллагууд НОК-т хандив өгөв

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын байгууллага, иргэд, Элчин сайдын яам /ЭСЯ/-наас Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өглөө.
Тодруулбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/, Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац /КОМИР/, Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар /КОПИА/, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг /КОТРА/, Солонгосын үндэсний төмөр зам компани, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, Солонгосын Эксим банк, “KTO Улаанбаатар” зэрэг байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, салбарынхны чин сэтгэлийн хандивыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чоль Сан хүлээлгэн өглөө.
ЭСЯ-ны зөвлөх Ким Чоль Сан "Үер усны хүндрэлтэй нөхцөлд шуурхай арга хэмжээ авч, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажилласан бүх хүнд нэн тэргүүнд талархал илэрхийлье. Хүнд хэцүү цаг үед бие биенээ дэмжиж, туслах нь нэн чухал. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын байгууллагууд, компаниуд, иргэдийн чин сэтгэлийн хандивыг хүлээлгэн өгч буйдаа баяртай байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сөүл хотын захиргаа мөн хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлснийг энэ ташрамд уламжилъя" хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Бэрхшээл сорилт тулгарсан цаг үед хамт байж, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн, хандив өргөж буй БНСУ-ын байгууллагууд, иргэд, ЭСЯ-ны ажилтнуудад халуун талархал илэрхийлье. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, эрсдэлтэй нөхцөл байдлыг бид нэгдэж, хамтдаа даван тууллаа. Хоёр улсын, мөн Улаанбаатар болон БНСУ-ын хотуудын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа олон чиглэлд тэлнэ гэдэгт гүнээ итгэж байна" хэмээлээ.
Ташрамд, үерийн нөхцөл байдал хүндэрсэн үед буюу долоодугаар сарын 8-нд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабт хүрэлцэн очиж, боломжтой бүхий л байдлаар тусалж, дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд, дайчлагдан ажилласан ажилтнууд болон цэргүүд, ард иргэдэд зориулан өгсөн ЭСЯ-ны ажилтнуудын хандивыг тэрбээр хүлээлгэн өгсөн билээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2024/11/13
Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруула...
-
Тод зураг2019/10/08
Бүлэг этгээдүүдээс 10 килограмм 320 грамм мөнгөн ус илрүүлжээ
-
Тод мэдээ2020/11/11
УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжлээ
-
Тод мэдээ2021/12/02
Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо