Тод индэр
Ц.Тулга: Үерийн аюул, эрсдэл учирч болзошгүй 314 км газар бий

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Сэлбэ голын далангийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Сэлбэ голын даланг 1966 оны үерийн дараа хийсэн. Үүнээс хойш 1980 онд 2.5 км урт төмөр бетон даланг голын хоёр талаар босгосон. Долоодугаар сарын эхээр үргэлжлэн орсон борооны улмаас ус хальсан энэ байршил бол шороон далантай. Тиймээс үерлэсэн хэсэгт даланг хүчитгэх, нэмж бэхэлгээ хийх арга хэмжээ авч ажилласан.
-Усанд автсан эдгээр байршилд цаашид ямар ажлууд хийх вэ?
-Үерийн нөхцөл үүсэхэд тодорхой байршлууд дээр шуурхай арга хэмжээ авах, усны урсцыг хэвийн болгох, хэмжилт болон судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх зэргээр ажилласан. Тухайлбал, голын гольдрилыг нарийсгасан хэсгүүд дээр сэтэлгээ хийж, усны урсцыг тогтворжуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах Ажлын хэсэг байгуулаад буй. Энэ хүрээнд тодорхой байршлууд дээр ажиллаж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргана.
Цаашид бороо орох, голын ус халих эрсдэл бий. Энэ жилийн хувьд Монголд төдийгүй гаднын орнуудад ч бороо их орж, үер болж байна. Тухайлбал, ОХУ, Энэтхэг, Японд үер боллоо. Орон нутагт ч голууд үерлэж байна. Тэгэхээр эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах нь нэн чухал. Далангийн хувьд эвдэрсэн, сэтэрсэн хэсгүүдэд бэхэлгээ хийж, хүчитгэлээ сайжруулна. Цаашлаад, төмөр бетон далан босгох ажлыг яаравчлуулах шаардлагатай.
-Үерийн далангийн насжилт хэр хугацаатай байдаг вэ?
-Төмөр бетон далангийн насжилт харьцангуй урт, үүнд тухайн бүсэд орж буй хур тунадасны хэмжээ, давтамж зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Шороон далангийн хувьд харин усны түвшин, хэмжээ, урсцаас хамаараад эрсдэл үүсдэг. Тухайлбал, голын усны түвшин нэмэгдсэн, урсгал ширүүн бол далан нурах нь ч бий. Сэлбэ голын хувьд 35 км-ийн 10.3 км-т буюу 30 хувьд нь л бетон болон шороон далантай байгаа юм. Тэгэхээр шороон далантай эдгээр байршилд төмөр бетон далан босгох зайлшгүй шаардлагатай, “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд энэ чиглэлээр зураг, тооцооллуудыг гаргаад явж буй.
-Хотын хэмжээнд хэр урт далан байдаг вэ. Цаашид даланг нэмэгдүүлэх чиглэлд юу хийх вэ?
-Улаанбаатар болон дагуул хотуудын хэмжээнд гол, голын хуурай сайр зэрэг үерийн аюул, эрсдэл учирч болзошгүй 314 км газар байна. Үүний 169 км нь үерийн далантай. Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг зургаадугаар сард НИТХ-аар батлуулсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд 2040 он хүртэл дөрвөн үе шаттайгаар үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авахаар тусгасан. Үүнд далангийн барилга, байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна усны тохируулгын ажлууд багтаж буй. Тухайлбал, Туулын усан цогцолбор, Сэлбийн хоёр байршилд ус тунгаагуур, усны түвшин тогтоох байгууламжийн ажлууд байна. Түүнчлэн хөрсний усны түвшинг бууруулах байгууламжийг хийх шаардлагатай.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.