Тод мэдээ
Элчин сайд Ричард Буанганыг хүлээж авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Томас Крэхан нарыг Төрийн ордонд хүлээж авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Элчин сайд Ричард Баунган 1999 оноос АНУ-ын Төрийн департаментад ажилласан гадаад харилцааны албаны олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд дэлхийн олон улс оронд мэргэжлээрээ ажилласан.
Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч, Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Олон улсын хэвлэл мэдээллийн газрын захирал, Цахим харилцааны албаны захирал зэрэг хариуцлагатай алба хашиж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын ажлын албанд ажилласан туршлагатай дипломатч юм.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд ноён Ричард Буанганыг АНУ-аас Монгол Улсад суух бүрэн эрхт Элчин сайдын албанд томилогдсонд баяр хүргээд эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажилладаг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт талархал илэрхийллээ.
Тэрбээр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны үр дүнд Халдварт өвчин судлалын үндэсний төв 2005 онд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-тэй хамтран томуугийн өвчлөлийг хянан тандах тогтолцоог анх нэвтрүүлснээс хойш улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 115 нэгж, вирус судлалын зургаан лаборатори байгуулснаар нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээллийг цуглуулж, өргөн хүрээний тандалт хийж байгааг дурдаад Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газрын хоорондын компакт гэрээний дагуу 2009-2013 онд амжилттай хэрэгжсэн Монголын Мянганы Сорилтын Сан (МСС)-гийн хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нийт 42.3 сая ам.долларын санхүүжилт бүхий халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах зорилго бүхий төсөл хэрэгжсэн нь хүн амын дунд халдварт бус өвчний тархалт, нас баралтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг хэлсэн.
Мөн коронавирусний цар тахал дэлхий нийтэд дэгдсэн цагаас эхлэн ЭМЯ-наас АНУ-ын Элчин сайдын яаманд хандаж оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, шинэ коронавирусийн эсрэг вакцины хангамжтай холбоотой саналуудыг тавьж, АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан 2020-2022 онд манай улсын эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийж, дэмжлэгийг үзүүлсэн тухай уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд онцгойлон дурдаж талархал илэрхийлсэн.
Цаашдын хамтын ажиллагааны тухайд юуны өмнө сумдын эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн шаардлага хангасан цэвэр ус, ариун цэврийн байгууламжтай болгоход хамтран ажиллах хүсэлтийг С.Чинзориг сайд Элчин сайд Ричард Буанганд уламжилсан бөгөөд уг үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтойг хэлж байлаа.
Элчин сайд Ричард Буанган цаг гарган хүлээн авч уулзаж буйд Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлээд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө анхаарч, монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, тэдэнд чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжиж хамтарч ажиллахдаа баяртай байх болно гэсэн юм
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2020/12/21
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
-
Тод мэдээ2022/05/09
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2023/05/18
БСШУСБХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
-
Тод мэдээ2021/09/17
Э.Цэндбаатарыг сорил тоглолтод оруулахаар болов