Тод мэдээ
Байт харвааны Улаанбаатар хотын аваргууд тодорлоо

Байт харвааны Улаанбаатар хотын аварга шалгаруулах XXII тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2023.06.10-11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Тэмцээнд найман байгууллагын 100 гаруй тамирчин рекурв (70 м-т 72 сум) болон компаунд (50 м-т 72 сум) төрлөөр оролцож, зургаан багц медалийн төлөө цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулав. Тэмцээний хаалтын өдөр Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Золжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Номинчулуун нар тамирчдад амжилт хүсэн, шагнал гардуулсан юм.
Тэмцээнд цэц мэргэнээ сорьж, шилдгээр шалгарсан тамирчдыг танилцуулж байна.
Байт харвааны рекурв төрлийн эрэгтэй ганцаарчилсан харваанд:
- Спортын мастер Ц.Цэнгүүн алтан медаль /Хангарди спорт клуб/
- Спортын мастер Д.Дашнамжил мөнгөн медаль /Хангарди спорт клуб/
- ОУХМ Ж.Гантөгс хүрэл медаль /Хангарди спорт клуб/
Байт харвааны рекурв төрлийн эмэгтэй ганцаарчилсан харваанд:
- ОУХМ Б.Урантунгалаг алтан медаль /Aлдар спорт хороо/
- ОУХМ А.Энхтуяа мөнгөн медаль /Хангарди спорт клуб/
- ОУХМ Ж.Дагийжанчив хүрэл медаль /Хангарди спорт клуб/
Байт харвааны компаунд төрлийн эрэгтэй хувийн харваанд:
- Спортын мастер Л.Мөнхбаатар алтан медаль /Aлдар спорт хороо/
- Спортын мастер П.Жамьянгомбо мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
- ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль /Зэвт хасар клуб/
Байт харвааны компаунд төрлийн эмэгтэй хувийн харваанд:
- Спортын мастер Б.Батдулам алтан медаль /Зэвт хасар клуб/
- Дэд мастер О.Биндэръяа мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
- Дэд мастер Б.Мөнгөнчимэг хүрэл медаль /Aлдар спорт хороо/
Байт харвааны рекурв төрлийн холимог багийн харваанд:
- Алтан медаль /Aлдар спорт хороо/
- Мөнгөн медаль /Дархан-Уул клуб/
- Хүрэл медаль /Хангарди спорт клуб/ тус тус хүртсэн бол байгууллагын дүнгээр “Алдар” спорт хороо аваргаллаа.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулсан. Мөн Төрийн банк дэмжигч байгууллагаар ажилласан юм.
Ташрамд, тус тэмцээнд Бүх ард түмний спортын XV их наадмын аварга, "Алдар" спорт хороо, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Буянтүшиг 655 онож, спортын мастер цолын болзол хангасан байна. Түүний энэхүү амжилт нь U18, U21 ангиллын рекорд оноог шинэчилсэн юм.
НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС